Ардчилсан намын Дэд дарга П.Галиндэв, Ш.Түвдэндорж, Улс төрийн зөвлөлийн гишүүн Б.Ган-Очир, Т.Батцогт, Ц.Одонтунгалаг нар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Хөрөнгө оруулалтын тухай хууль” Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Улс төрийн зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт "Ч.Хүрэлбаатар гэдэг хүн яагаад Монгол Улсын газар нутгийг гаднынханд бэлэг болгож өгөх гээд байгаа юм бэ. Энэ бол хөрөнгө оруулалт гэдэг хуулийн нэр томьёог халхавч болгож байна. Нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд зуслангийн 0,7 га газар авахын тулд маш их ажил болдог.
Өнөөдөр Засгийн газар иргэдэд зуслангийн газрыг нь өмчлөх харилцааг бүгдийг нь зогсоосон байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Монголчуудын өөрсдөө эзэмшиж, ашиглаж чадаагүй байгаа газрыг маш таатай нөхцөлтэйгөөр эзэмшүүлж, өмчлүүлж, ашиглуулах гэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал энд хөндөгдөж байна. Гаднын иргэн Монгол Улсад 1 сая төгрөгийн компани байгуулаад 25%-ийн хөрөнгө оруулалт хийхэд л энэ хуулиар хөрөнгө орлуулагч болж байгаа юм.
Энэ асуудлыг бид хөндөж байна. Хэний захиалгаар, ямар учир шалтгаантайгаар энэ хуулийг санаачлан оруулж ирж дахин дахин УИХ-аар батлуулах гэж улайран зүтгэж байна. Ардчилсан намын хувьд үүн дээр хатуу байр суурьтай байна" гэлээ.