Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.11.21/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн, Засгийн газрын тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-д “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, 26.4-д “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдсон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасны дагуу УИХ дахь олонхын буюу МАН-ын бүлгээс Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад П.Анужинг Байнгын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах саналыг оруулж байгааг намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлж, намтрыг нь танилцуулав.
Гишүүн П.Анужин нь дипломатч, олон улсын эрхзүйч мэргэжилтэй. Нийслэлийн 13 дугаар сургууль, Япон Улсад Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг судлаач оюутан, МУИС-ийг дипломатч мэргэжлээр, Японы Соко их сургуулийг олон улсын эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. Японы “Сейфти технологи” компанид хуулийн зөвлөх, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, Зүүн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, Намын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 2020 оноос УИХ-ын гишүүнээр, 2022 оноос Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлаар өөр саналтай гишүүн гарсангүй.
Улмаар УИХ-ын гишүүн П.Анужинг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулахаар болов.