Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Засгийн газар ажлаа юунаас эхлэх хэрэгтэй вэ?

Огноо
Унших
7 минут 36 секунд

Шинэ Засгийн газар ажлаа юунаас эхлэх хэрэгтэй талаар эдийн засагчид ийнхүү хэлэв. 

Н.ЭНХБАЯР (Эдийн засагч)

-2015, 2016 ОНЫ АЛДААГ ДАВТАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

Удахгүй тодрох шинэ Парламент, Засгийн газарт санаа өгөх зорилгоор хэд хэдэн зүйлийн талаар товч хэлье. Дэлхийн банкнаас саяхан гаргасан “World Devеlop- ment Report” -д дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээ яагаад доголдсон, аль орон ямар оролцоотой юм. Үүнийг буцааж сэргээхийн тулд юу хийх ёстой вэ гээд маш дэлгэрэнгүй судалгаа  гаргасан байна. Энэ тайланг нэлээд нарийвчилан үзэх хэрэгтэй. Манай улс уг сүлжээний хагас боловсруулсан бүтээгдэхүүний бусад ангилал руу нь орох шаардлагатай. Жишээлбэл, зэс утас, цемент гэх мэт байж болно. Хамгийн гол нь ханган нийлүүлэлтийнхээ бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах нь чухал. Дараагийн нэг анхаарах зүйл бол бодлогын өөрчлөлт. Өнгөрсөн 20 жилийн мөчлөгийг аваад үзэхэд дөрөв дэх жилдээ баталгаатай уналт бий болж байна. Ганцхан 2000-2004 онд дөрвөн жил дараалан өссөн байдаг. Гэхдээ огцом биш, аажим өсөлт үзүүлсэн. Үүнтэй холбоотой хэлэхэд манай зарим эдийн засагчид эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлье гэж ярьдаг. Энэ бол маш буруу ойлголт. Бусад шилжилтийн эдийн засагтай улсаас жишээ нь Вьетнамыг аваад үзье. Тус улсын эдийн засгийн өсөлт сүүлийн 20 гаруй жилд тогтмол 4-6 хувийн өсөлт үзүүлсэн. Эдийн засаг нь зөв төрөлжсөн, бодлогоо зөв хэрэгжүүлж байна. Зүүн Европын улсуудын дотор Унгарын төвбанкийг маш зөв мөнгөний бодлого хэрэгжүүлдэг гэж үздэг. Бид энэ мэт гарааны ижил нөхцөл, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ ойролцоо улсын сайн туршлагыг судалж, өөрсдийгөө харьцуулж үзэх хэрэгтэй. Төгсгөлд нь Зсагийн газрын хамгийн түрүүнд хийх ажил бол мэдээж төсвийн тодотголыг нэн яаралтай хийх хэрэгтэй. Одоо арилжааны банкууд зээл олгох цаг биш. Засгийн газар эхнээсээ арга хэмжээ аваад магадгүй 9, 10-р сард экспорт жаахан тэнцвэржиж эхлээд, компаниуд худалдаа хийж эхлэх тэр үед банкууд зээл олгох мөнгөтэй суух хэрэгтэй. Ингэвэл 2015, 2016 онд гаргасан алдааг давтахгүй. 2015 онд Төвбөнкийг шахсаар байгаад бодлогын хүүг бууруулж, зээл олгуулсан. Тийм учраас чанаргүй зээл нь түрүүлээд өсчихсөн.

О.АМАРТҮВШИН (МҮХАҮТ-ын ерөнхийлөгч)

-АЖЛЫН БАЙР ИХЭЭР БИЙ БОЛГОДОГ САЛБАРУУДАД НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ЧУХАЛ-

Шинэ Зсагийн газар төсвийн тодотголыг эхний өдрөө хийх шаардлагатай. Төсвийн үргүй зардлыг бүгдийг зогсоох. Эргээд ажлын байрыг ихээр бий болгох боломжтой хөнгөн хүнсний үйлдвэр, уул уурхай, аялал жуулчлалын салбарт нэн хөнгөлөлттэй , урт хугацаатай зээл зайлшгүй олгох хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал гэдгийг манай бизнес эрхлэгчдийн судалгаа ч харуулж байна. Түүнчлэн Батлан даалтын сангийн системийг илүү боловсронгуй, үйл ажиллагааг нь илүү оновчтой болгох шаардлага бий. Мэдээж экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах. БНХАУ өнөөдөр зах зээлээ хамгаалахын тулд маш их ажил хийж байна. Экспорт нь буурч байгаа учраас дотоодынхоо эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийн тулд дотоодын хөрөнгө оруулалтдаа хүч хаяж байна. Дотооддоо их бүтээн байгуулалт хийнэ. Үүнд бид уул уурхайн түүхий эд нийлүүлэх боломж бий. Хилээр гарч байгаа машины тоог хязгаарлах, зөвшөөрөлтэй холбоотой асуудал биш бүгдийг нь аль болох лебралчлах. Дунд хугацаанд бид боловсруулах үйлдвэрийг зайлшгүй бий болгох учиртай. Ингэж байж ажлын байр бий болгоно.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Эрдэнэт хотод Монголын ТОП 10 компанийн төлөөлөл оролцсон уулзалт болсон. Энэ үеэр эдийн засгийн хямралтай нүүр тулж байгаа тул цаашид хэрхэн төр засагтайгаа хамтарч ажиллаж, даван туулах вэ гэдэг асуудлаар ярилцсан. Тиймээс нийлээд цаг алдахгүй боловсруулах үйлдвэр барьж байгуулах ёстой юм байна. Ингэхийн тулд Монголын бүх санхүүгийн системүүд, хувийн хэвшил төртэйгээ хамтарч ажиллах. Тэгээд жижиг, дунд үйлдвэрлэгчдээр туслан гүйцэтгүүлэх ажил их хэмжээгээр хийлгэх нь зүйтэй байна гэж үзсэн. Ингэсэн тохиолдолд хямралыг богино хугацаанд эрсдэл багатай даван туулах гарц бий талаар ярилцсан. Зэс, алт боловсруулах үйлдвэр, нүүрсээ нэмүү өртөг шингээх гэх мэт. Эрчим хүч, ато зам, төмөр замын томоохон дэд бүтцүүд байна. Биднээс шалтгаалах энэ зүйл дээр сайн зохион байгуулалтад орох юм бол богино хугацаанд хийж болох юм. Ингэж хамтарч уялдаа холбоотой ажиллахгүйгээр хэн нэгэн нь дангаараа энэ том хямрадыг даван туулах боломжгүй. Өнөөдөр эдийн засгийн бүх үзүүлэлт муу байна.

Ө.ГАНЗОРИГ (Эдийн засагч)

-ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ СУУРЬ, УРТ ХУГАЦААНЫ АСУУДЛУУДЫГ БАРЬЖ АВМААР БАЙНА-

Шинэ Засгийн газар маш хүнд нөхцөлд эдийн засгийг хүлээн авч байна. Бид сэхээн амьдруулах орон дээр байгаа эдийн засгаа яаралтай эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлэх ёстой. (1) Экспортын орлого буурч байгаа, (2) гадаадын хөрөнгө оруулалт сэргэх найдвар маш бага болсон, (3) дотоодын эдийн засаг коронатай холбоотой хөл хорионоос болж уналтад орсон зэрэг нь төсвийн орлого, төгрөгийн ханш, ажилгүйдэл зэрэг эдийн засгийн голлох үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Юуны өмнө олон улсын зах зээл дээрээс санхүүжилт босгох, нүүрсний экспортыг тогтворжуулах, хөл хорио ба коронагийн нөхцөл байдлыг зөвөөр уялдуулж эдийн засгаа сэргээх бодлого барих хэрэгтэй. Үүний зэрэгцээ эдийн засгийн суурь, урт хугацааны асуудлуудаа давхар барьж авч ноцолдмоор байна. Яаралтай тэтгэвэрийн реформ хийх ажлыг эхлүүлэх. Зээлийн хүүг бууруулах шат дараалсан төлөвлөгөө бүхий цогц стратеги гаргаж ажиллах. Сангийн Яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны барууны өндөр хөгжилтэй улс орнуудаас шууд хуулсан, манайх шиг дөнгөж хөгжиж байгаа оронд тохирохгүй байгаа нь өнгөрсөн 30 жилийн туршлагаар нотлогдсон бүтцийг өөрчлөх хэрэгтэй.

2020 оны зургадугаар сарын 18.

Эх сурвалж: FINANCIAL INCLUSION

Л.Цэдэвсүрэн: Их сургуулийн лекцийг 100% цахимаар явуулна
Л.Цэдэвсүрэн: Их сургуулийн лекцийг 100% цахимаар явуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.