УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинээс Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангаж, Ерөнхийлөгчийг дахин сонгохгүй байх санаачилга гарган намынхаа бүлгийн гишүүдээс гарын үсэг цуглуулж буй асуудлаар нь тодруулга авлаа.
-Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг дахин сонгогдох өөрчлөлтийг хийхээр зэхэж байна гэх агуулга яригдах болсон. Таны хувьд Үндсэн хуулийг тогтвортой байдлыг хангаж, нэмж хөндөхгүй байх санаачилгыг гаргаад буй. Сүүлд 36 гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан байсан. Зураагүй гишүүд хэн бэ. Ямар шалтгаантай байр сууриа илэрхийлэв?
-УИХ дахь манай намын бүлгийн шийдвэр эцсийн байдлаар гараагүй байгаа учраас шийдвэр гарахтай холбоотой мэдээллийг одоогоор хэлэх боломжгүй байна.
-Ер нь энэ санаачилга бүлгийн түвшинд нэлээд дэмжлэгтэй байгаа гэж ойлгосон. Цаашид ажил хэрэг болгохын тулд яах юм бэ. Хуулийн төсөл байдлаар явах юм уу?
-Хуулийн төсөл боловсруулах асуудал энд яригдахгүй. Харин бүлэг улс төрийн шийдвэрээ гаргах юм.
-Цэцээр дамжуулж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх юм биш биз гэсэн болгоомжлол ч байна. Удахгүй ҮХЦ-ийн даргын бүрэн эрхийн хугацаа ч дуусаж буй. Томилгооны асуудал удахгүй УИХ-аар хэлэлцэгдэхээр байгаа шүү дээ?
-Цэцэд нөлөөлж магадгүй гэдэгтэй санал нэг байна. Учир нь өмнө нь УИХ-ын гишүүдийн давхар дээлтэй холбоотой асуудал цэцийг ашиглах замаар Үндсэн хуулийн хулгай хийсэн байдаг. Тиймээс Үндсэн хуулийн хулгай аль ч замаар орж ирэхийг үгүйсгэхгүй. Ямар замаар орж ирж байгаа нь сонин биш. Эцсийн үр дүн нь чухал.
УИХ дахь АН-ын бүлэг ямар ч байсан ийм өөрчлөлтийг хийхгүй гэсэн хатуу байр суурьтай гэдгээ мэдэгдэж буй юм. Үндсэн хуулийг парламентын нийт гишүүдийн 4/3-ын саналаар баталдаг. Үүнд хүргэхгүй байхын төлөө АН хатуу байр суурьтай байх болно.
-ҮХЦ-ийн есөн гишүүний гурвыг нь санал болгож томилуулах эрх мэдэл Ерөнхийлөгчийн гарт төвлөрч байгаа байдлыг өөрчлөхгүйгээр Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаалж, цэц рүү шургуулдаг нөлөөллийг бууруулах боломжгүй юм биш үү?
-2019 оны ҮХНӨ-өөр нэгдүгээрт Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой хэмжээнд хязгаарласан. Тухайн үед Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгч байсан. МАН УИХ-д 70 гаруй суудалтай олонх байсан үе. Тэдний толгой арай эрүүлээр ажиллаж байсан. Утга нь Ерөнхийлөгчид эрх мэдэл нэмэхгүй байвал зохимжтой юм байна гэдэг өнцгөөс асуудалд хандаж байсан гэсэн үг. Харин одоо МАН-аас Ерөнхийлөгчтэй байгаа учраас эрүүл саруулаар боддог байсан нь гээгдчихсэн юм биш байна лээ.
Тиймээс 2019 онд оруулсан ҮХНӨ-өөр Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгоно. Ерөнхийлөгчид хуулиас гадуур эрх мэдэл нэмж өгөхгүй гэдэг зарчим дээрээ бид үнэнч байна.
-ҮАБЗ-өөс УИХ-ын даргыг гаргах ёстой гэж та хэлж байсан хүн. Хэрэв гаргачихвал хоёр хүнтэй ҮАБЗ-ийн хоёр хүний саналын тэнцэл, эсрэгцлээс авахуулаад шийдвэр гаргах процессд асуудал үүсэхгүй юу?
-Үндсэн хуульд ҮАБЗ-ийг ямар бүрэлдэхүүнтэй байхыг УИХ мэднэ гэж байгаа. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. УИХ-ын дарга гэдэг бол хуралдааныг зохион байгуулах чиг үүрэгтэй албан тушаалтан. УИХ-аас гадуур эрх мэдэл эдэлдэг албан тушаалтан огт биш.Тиймээс Үндсэн хуульд үнэнч байх гэдэг агуулгаар зарчмын асуудлыг ярьж байгаа юм.
Дэлхийн улс орнуудад ҮАБЗ гэдэгт гүйцэтгэх эрх мэдлийн төлөөлөл болох Ерөнхий сайд, батлан хамгаалах, дотоод хэргийн гэх мэт чиг үүргийн сайдууд байдаг байгууллагыг ҮАБЗ гэж утгаар нь нэрлэдэг. Түүнээс биш УИХ-ын дарга нь тэнд орж суучихсан байгууллагыг хэлдэггүй юм гэсэн санааг илэрхийлсэн гэж хэлмээр байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!