Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Уналт таталтын өвчнөөр эмнэлэгт хэвтэж байсан хүүгийн минь тасагт Улаанбурханы халдвартай хүүхэд орж ирснээс болж, хүү минь одоо сэхээнд байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
9 минут 34 секунд

Тавдугаар сарын 12-нд манай редакцид Дөлгөөн гэх иргэн хандав. Тэрбээр эхнэрийн хамт Франц улсад ажилладаг бөгөөд ганц хүүхэдтэй. Д.Цэцэнсүлд хүү дөрвөн настай, дөрвөн сартайдаа эпилепси буюу уналт таталтын өвчнөөр оношлогдож өдгөө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн /ЭХЭМҮТ/ хяналтад байдаг. Хэрэг учир юу гэвэл Д.Цэцэнсүлд ЭХЭМҮТ-д дөрөвдүгээр сарын 2-нд хэвтээд тавдугаар сарын 2-нд эмнэлгээс гарахдаа тасаг дотроосоо улаанбурхан өвчин туссан гэх бөгөөд өдгөө биеийн байдал нь хүнд ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Би хүүхдээ алдах вий гэхээс хамгийн их айж байна

Хүүгийн аав "Манай хүүхэд ЭХЭМҮТ-д хэвтээд тав хонож байхад өрөөнд нь нэг шинэ хүүхэд орж ирсэн. Манай хүүхдийн хажуу талын орон дээр хоёр өдөр болсон. Гэтэл маргааш нь тэр хүүхдийн шинжилгээний хариу нь улаанбурхан гэж гарсан учраас ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, улаанбурхан өвчний халдвартай хүүхэд ороод ирсэн байгаа байхгүй юу. Тэрийг бидэнд хэлээгүй. Бүр сүүлд нь мэдсэн. Эмнэлгийн зүгээс тэр хүүхдийг тусгаарлах ёстой бас шинжилгээний хариуг нь гараагүй байхад өрөөнд оруулж ирснийг нь маш ихээр гайхаж байна. Уг нь яаралтай түргэн тусламж дээр улаанбурханы шинжилгээ аваад зүгээр байгаа нөхцөлд тасаг руу хуваарилагдаж хэвтдэг. Манай хүүхэд тэр шинжилгээг өгөөд эмнэлэгт хэвтсэн.

Тэр хүүхдийн аав, ээж нь дарга цэргийг нь таньдаг юм уу, яасан юм. Бүү мэд.

Ингээд тийм зүйл болсон талаар мэдээгүй хоёрдугаарт манай хүүхдийн биеийн байдал дээрдээд гурав хоногийн дараа эмнэлгээс гарсан ч удалгүй дахиж таталт өгөөд ЭХЭМҮТ-д очиход шинжилгээ авснаар улаанбурхан өвчин туссан талаар нь мэдсэн. Манай хүүхэд тавдугаар сарын 9-нд ХӨСҮТ рүү шилжсэн. Биеийн байдал нь муу өдөрт 2-3 удаа таталт өгч байна. Бид хүүхдээ алдах вий гэхээс хамгийн их айж байна" гэв.

Хүүгийн аав "Улаанбурхан туссан хүүхэд манай хүүхдийн хажуу талын орон дээр хоёр өдөр болсон" гэж ярьсан бол ЭХЭМҮТ-ийн өгсөн мэдээллээр хүү халдвар авсан охинтой хоёр өдөр биш 6 өдөр нэг өрөөнд байжээ.

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 7 дахь тохиолдол лабораториор батлагдлаа

Д.Цэцэнсүлд дөрөвдүгээр сарын 2-нд ЭХЭМҮТ-д хэвтээд тавдугаар сарын 2-нд эмнэлгээс гарчээ. Дөрөвдүгээр сарын 26-нд халдвар тараасан гэгдээд байгаа нэг настай охин мэдрэлийн эмгэг судлалын тасагт ирээд дөрөвдүгээр сарын 30-нд биеэн дээр нь тууралт гарч, улмаар ХСҮТ рүү шилжүүсэн байна.

Уг охин өмнө нь ХӨСҮТ-д улаанбурхан өвчин тусаад эмчлүүлээд гарсан гэх боловч үүний цаана ХӨСҮТ эмчилгээгээ бүрэн гүйцэт хийсэн эсэхэд эргэлзэж буйгаа хүүгийн ар, гэр ярьж байна.

Тэгвэл ЭХЭМҮТ болон ХӨСҮТ улаанбурхан өвчинг хаанаас алдсан болохыг тогтоох хавьтлыг илрүүлэх шинжилгээг авч эхэлсэн бөгөөд хариу нь ирэх даваа гарагт /2025.05.19/ гарах аж.

Тэгэхээр Д.Цэцэнсүлд тэр охинтой зургаан хоног хамт нэг өрөөнд байсан гэсэн үг. Эмнэлгээс гарсан Д.Цэцэнсүлд таталт өгч тавдугаар сарын 5-нд ЭХЭМҮТ-д ирсэн, тавдугаар сарын 7-нд 20:00 цагийн үед хоёр удаа таталт өгч халуурсан шинж тэмдэгтэй яаралтай дээр ирсэн учраас мэдрэлийн эмгэг судлалын тасагт хэвтүүлжээ. Ингэхдээ улаанбурхан туссан нэг настай охины ойрын хавьтал байсан гэх шалтгаанаар Д.Цэцэнсүлдийг тусгаарласан байна. Маргааш нь буюу тавдугаар сарын 8-нд шинжилгээ аваад ХӨСҮТ-рүү явуулсан бөгөөд шинжилгээний хариу тавдугаар сарын 9-нд гарч 20:30 цагт ХӨСҮТ-рүү шилжүүлжээ. Ингээд тавдугаар сарын 12-ныг хүртэл хүү жижүүр эмч дээр байсан нь биеийн байдал хүндрэхэд нөлөөлсөн байх магадлалтай аж. Улмаар даваа гарагаас их эмч нь хүлээж аваад хүүгийн биеийн байдал дээрдэхгүй байсан учраас эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлжээ.

Харин ЭХЭМҮТ-ийн зүгээс "Тавдугаар сарын 7-9-нд хүү таталт өгөөгүй биеийн байдал тогтворжсон байсан" гэсэн бол ХӨСҮТ "Хүүгийн биеийн байдал хүндэвтэр байдалтай ирсэн" гэх зөрүүтэй тайлбар өглөө. Хоёр эмнэлгийн зүгээс хүүгийн ар гэртэй холбогдож, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаа мэдэгдсэн байна.

Түүнчлэн Д.Цэцэнсүлдэд дөрвөн сартайгаас хойш ямар ч төрлийн вакцин хийлгээгүй өдийг хүрчээ.

ХӨСҮТ-д улаанбурхан өвчин тусаад эдгэрээд гарсан гэх хүүхэд манайд уналт таталт өвчнөөр эмчлүүлж байсан ч эмчилгээний явцад тууралт өгч халуурсан

ЭХЭМҮТ-ийн халдвар судлаач эмч М.Уранчимэг:

-Ямарч эрүүл мэндийн байгууллага халдвартай, халдваргүй хүүхүүдийг хольж, бусдад эрсдэл үүсгэхийг хүсэхгүй. ЭМЯ, ХӨСҮТ-өөс өгсөн чиглэлийн дагуу хүүхдүүдээс дархвар зүйн, эмнэлзүйн чиглэлээр асуумж авч үзлэг хийж тухайн хүүхдүүдийг эрэмбэлэн ангилж эмнэлэгт хэвтүүлдэг. Д.Цэцэнсүлдийн өрөөнд 1-6 насны гурван хүүхэд эмчлүүлж байсан.

Өрөөнд хэвтэж байсан нэг настай хүүхэд өмнө нь ХӨСҮТ-д улаанбурхан өвчин тусаад эдгэрээд гарсан. Манай дээр уналт таталт өвчнөөр эмчлүүлж байсан ч эмчилгээний явцад тууралт өгч халуураад эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн учраас ХӨСҮТ-өөс зөвлөх эмчээ дуудаад үзүүлсэн. Улмаар шинжилгээггээр улаанбурхан өвчин баталгаажсан учраас ХӨСҮТ рүү шилжүүлсэн.

Д.Цэцэнсүлдийн хувьд эмнэлгээс гарснаас хойш тууралт өгч улмаар хариу нь баталгаажсан. Эдгээр хүүхдүүд улаанбурхан өвчний товлолын вакцинд хамрагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл, улаанбурхан өвчний өвөрмөц дархлаагүй хүүхдүүд хаанаас ч халдвар авах эрсдэлтэй. Бүх насныхан өвдөнө. Биеийн дархлаа сул, архаг хууч өвчтэй хүмүүс илүү хүндрэх эрсдэлтэй байдаг. Тиймээс хүмүүсээ хамгаалахын тулд эцэг эхчүүд хүүхдүүдээ дархлаажуулалтад илүү сайн хамруулж, хүн амын дундах дархлаа тогтоц сайжрах юм бол энэ өвчнийг тасалж халдвараас нь урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр "Хүүгийн биеийн байдал хүндэвтэр байна. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. ЭХЭМҮТ-өөс хянагдаж байгаад манай дээр ирсэн. Аутизмтай халуурхаараа уналт таталт өгдөг хүүхэд. Манай эмнэлзүйн багийнхан ЭХЭМҮТ-ийн эмчлэгч эмч нартай тогтмол холбогдоод мэдээлэл солилцоод явж байгаа. Хүүхэд ирэхдээ ч их хүндэвтэр байдалтай ирсэн. Эмчилгээ үйлчилгээг тогтмол үзүүлж байгаа" гэв.

Харин хүүгийн гэр бүл "Манай хүүхэд аутизмтгүй. Эпилепси буюу уналт таталтын өвчтэй. Оношийг нь худал ярьсан эмч нарт гомдолтой байна. Хүүхэд маань маш олон удаа таталт өгчихсөн, тархинд нь усжилт явагдаж байж магадгүй болчхоод байна" гэв.

Хүүхдээ товлолын дагуу 9 сартайд нь болон 2 настайд нь дархлаажуулалтад бүрэн хамруулах хэрэгтэй

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

-Улаанбурхан өвчин халдварлалтын зэргээрээ халдварт өвчнүүдийн дотор өндөрт тооцогддог, цочмог халдварт өвчин. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаажуулалтыг үндэсний товлолын дагуу 9 сартайд, мөн хоёр настайд нь дархлаажуулалт хийдэг. Хүүхдүүд уг хоёр тунд бүрэн хамрагдах ёстой. Ингэснээр улаанбурхан өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.

Дархлаажуулалтад хамрагдаагүй, эсвэл бүрэн тунд хамрагдаагүй хүүхдүүд өвдөх эрсдэлтэй. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ товлолын дагуу 9 сартайд нь болон 2 настайд нь дархлаажуулалтад бүрэн хамруулахад нь анхаарах хэрэгтэй.

Хамрагдсан эсэхийг нь нягтлаад хэрэв ямар нэгэн шалтгаанаар товлолт вакцинаас хоцорсон бол сум, өрхийн эрүүл мэндийн төв дээр очоод 15 хүртэлх насны хүүхдэд нөхөн дархлаажуулалтад хамруулах боломжтой. Вакцинд хамрагдсан эсэхийг эх хүүхдийн ягаан дэвтэр дээр тэмдэглэсэн байдаг. Хамрагдаагүй бол өрхийн эрүүл мэндийн төвд хандах ёстой. Хэрэв батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон бол 72 цагийн дотор дархлаажуулах арга хэмжээнд хамрагдах шаардлагатай.

МҮБХ: Монгол бөхийн хувцас хэрэглэлийг өмсөн гараа дэвээг дуурайсан иргэнийг эрх бүхий байгууллагаар шалгуулж байгаа
МҮБХ: Монгол бөхийн хувцас хэрэглэлийг өмсөн гараа дэвээг дуурайсан иргэнийг эрх бүхий байгууллагаар шалгуулж байгаа
 
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.