БШУЯ-наас бүх шатны сургалтын байгууллагыг хэрхэн хичээллүүлэх талаар мэдээлэл өглөө. БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн:
"Бүх шатны боловсролын байгууллагын хичээлийг танхимын болон танхимын бусаар зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан бөгөөд хичээлийн жил эхлэх хүртэл нэг сарын хугацаанд бэлтгэл ажлаа хангахыг сайд нарт үүрэг болгосон.
Танхимын сургалт эхлэх хуваарь:
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 9 дүгээр сарын 1
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 9 дүгээр сарын 14
Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлнэ.
Харин есдүгээр сарын 1-нээс бүх шатны сургалтын байгууллагууд цахим болон теле хэлбэрээр хичээлээ үзнэ.
Нийслэлийн болон аймгийн төвүүдийн ачаалал ихтэй ЕБС-иудад танхимын, теле хосолсон сургалт явуулна.
Харин оюутнуудын хувьд лекцийн хичээл 100 хувь цахимаар явагдана. Учир нь лекц потокор орж, олон хүүхдийг хамруулдаг учраас ийм шийдвэрт хүрсэн. Харин семинар, лабораторийн хичээлүүд танхимаар орно.
Цэцэрлэгийн тухайд багтаамжаас хамаарч 3-4 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Хоёр настай хүүхдийг 2020-2021 онд цэцэрлэгт элсүүлэх боломжгүй.
Хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл үргэлжлүүлэн орно. Харин ирэх жил сургуульд элсэн суралцах учир таван настнуудыг цэцэрлэгт бүрэн хамруулна" гэлээ.