Өнөөдөр 07:00 цагаас эхлэн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарласан. Тэгвэл уг асуудлаар МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Өнөөдрөөс "Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилчид хэсэгчилсэн ажил хаялт зарласан байна. Өчигдөр орой МҮЭХ-оос хуульчдын багийн төлөөллийг явуулсан. Ажил хаялт бол нэг номерын зорилго биш. Мөн захиргаанаас өгсөн мэдээлэл зөрүүтэй байна гэж харж байна.
Бид бүхэн ажилчдын ажлын ачааллаас нь хамааруулж, цалин хөлсийг 30-50 орчим хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Үйлдвэрийн ажилчдын дундаж цалинг 4 сая төгрөг гэж хэлж байгаа. Энэ бол бүх захиргаа болон бүх ажилчдын дундаж цалингийн хэмжээ.
Үйлдвэрийн захирал, удирдлагууд 40, 50 сая төгрөгийн цалин авдаг гэх мэдээлэл байгаа. Тиймээс МҮЭХ-ны зүгээс зөвхөн "Эрдэнэт үйлдвэр" гэлтгүй бүх байгууллагуудын удирдлагууд ажилчдынхаа цалингийн дунджаас 5, 10 дахин их цалин авдаг системийг өөрчлөх цаг болсон гэдэг шаардлага тавьж байна.
Мөн үйлдвэрийн чухал мэргэжлийн ажилчид болон ачаалал өндөртэй ажилчдын цалинг нэмэх санал шаардлагыг дэмжиж байна.
Хамгийн бага цалин нь 500 орчим ам.доллараас эхэлж байгаа гэж байна. Дундаж цалин 1100 орчим ам.доллар байна. Тиймээс Эрдэнэтийг олон улсын үйлдвэрүүдтэй харьцуулж болохгүй. Аажмаар цалинг нэмэх санал шаардлагыг тавьсан. Үүнд зөвшилцөх бүрэн боломжтой гэж харж байгаа" гэв.