Олон нийтийн цахим сүлжээнд “Насанд хүрээгүй охиныг хүчиндэж, жирэмсэн болгосон сонсогч хилээр гарч, хохирогчдыг дарамталж эхэлжээ” гэх мэдээлэл 2023 оны есдүгээр сарын 05-ны өдөр нийтлэгдсэн. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны дөрөвдүгээр сард иргэн “Э” нь таксигаар үйлчлүүлэхдээ жолоочид нь хүчиндүүлсэн гэх хэрэгт Хууль сахиулахын их сургуулийн оюутан “У” гэгч нь үйлдсэн болохыг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган прокурорын байгууллагад шилжүүлсэн аж. Ийнхүү прокурорын байгууллагаас Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байдаг.
Хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд шүүгдэгч “У”-ын өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд гаргасан аж. Улмаар шүүгдэгч “У” гэгч нь Замын-Үүд авто замын боомтоор оргон зугтаж, хэргийг Баянзүрх дүүргийн шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түдгэлзүүлсэн байна.
Иргэн “У” гэгч нь гэмт хэрэгт холбогдох үедээ цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй ба Хууль сахиулахын их сургуулийн оюутан байжээ. Цаашид “У”-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрэн сурвалжилж байна.