Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

САЙН ЖИШИГ: Өглөөний 06:00 цагт онгойдог “ЭРТЭЧ ДЭЛГҮҮР“-тэй танилцъя

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
4 минут 10 секунд

Өглөө 06:00 цагт шинэхэн талх, өндөг авахаар “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрт ороход үргэлж инээмсэглэсээр угтана. Эрт онгойхыг хэвшил болгоод зургаан жил болсон нь энэ. Дэлгүүрийн "эгч" Б.Норжинсүрэн өглөө болгон үүдээ цэмцийлгэн, үйлчлүүлэгчдийнхээ амар мэндийг мэдэлцэхээс эхлэн бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж байгаагаас ажвал ажилдаа дуртай нь илт. Өглөө эрт онгойдог хүнсний дэлгүүр ховордсон энэ үед үлгэр жишээ болж буй БЗД-ийн 5-р хороонд байрлалтай “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн сайн жишгийг сурвалжиллаа.

Улаанбаатар хот, БЗД, "Дэлгэрэх" дэлгүүр

Дэлгүүрийн худалдагч Б.Норжинсүрэнтэй ярилцахад,

Өглөөний есөн цаг хүртэл жаран мянган төгрөгийн борлуулалтай ажиллалаа гэхэд сарын дараа нэг сая таван зуун мянган төгрөгийн илүү борлуулалт хийж байна гэсэн үг

-Танай дэлгүүр өглөө бүр 06:00 цагт нээгддэг. Яагаад 06:00 цагт нээх шийдвэрийг гаргасан бэ?

-Өглөө ажил, хичээлдээ явахаасаа өмнө цайгаа уугаад гарахыг ихэнх хүн хичээдэг. Гэвч нийслэл хотод өглөө эрт онгойдог дэлгүүр маш ховор. Бид нэг ч гэсэн хүний ажлыг хөнгөвчилж өгөхийг хүсдэг. Мөн нарийн боов, талх сүү гэх мэт хүнсний гол бүтээгдэхүүнүүд манайд 06:30-08:00 цагийн хооронд ирдэг. Үйлдвэрээс гаргасан шинэхэн чанартай, шим тэжээлтэй бүтээгдэхүүн үйлчлүүлэгчдэдээ борлуулахыг эрмэлздэг. Борлуулалтын хувьд ч тэр өглөө 9 цаг хүртэл жаран мянган төгрөгийн борлуулалтай ажиллаа гэхэд сарын дараа нэг сая таван зуун мянгын илүү борлуулалт хийж байна гэсэн үг. Ердөө эрт нээснийхээ үр дүнд шүү дээ.

-Өглөө үйлчлүүлэгчид хэр их байдаг вэ?

-Манайх ерөнхий боловсролын сургуультай ойрхон байдаг. Иймээс өглөө 07.00 цагаас эхлүүлээд дутуу дэвтэр, дууссан бал зэргээ манайхаас аваад хичээлдээ ордог. Тиймээс одоохондоо хөл хөдөлгөөнтэй л байна. Бас байнгын үйлчлүүлэгч олонтой.

-Танайхыг үйлчлүүлэгчид эртэч гэдгээр нь андахгүй мэддэг юм билээ. Бүр холоос зорьж ирдэг үйлчлүүлэгч байдаг гэж сонссон?

-Харин тийм ээ. Эрт нээдэг дэлгүүр байдаг гэж сонсоод таксидаад ирлээ гээд орж ирсэн тохиолдол байдаг. Гэнэтийн хэрэгтэй зүйл гарч ирээд манайхыг холоос зорьж ирлээ гэсэн хүмүүс ч байдаг. Үйлчлүүлэгчид маань “Өглөө эрт онгорхой дэлгүүр олдохгүй юм аа. Танайх л онгорхой байх юм. Тулсан үед аминд ордог шүү” гэж хэлдэг. Энэ мэт үйлчлүүлэгчдийнхээ урмын үгээр л тэтгэгдэж байна даа.

Яарч сандарсан үед онгорхой л байж байдаг

Нийслэл хотод өглөө эрт онгорхой байдаг үйлчилгээний газрууд тун цөөн. Хааяа нэг таарах 24 цагийн CU, GS25 дэлгүүрүүд л нээлттэй байдаг гэхэд буруудахгүй. Энэ утгаараа үйлчлүүлэгчид ч эртэч "Дэлгэрэх" дэлгүүрт ам сайтай байдаг ажээ.

Үйлчлүүлэгч н.Норжмаа,

Өглөө сургуульдаа ирэх болгонд онгорхой байдаг. Хааяа идэх зүйл, хааяа бичиг хэргийн хэрэгсэл авдаг. Өглөө болгон эрт онгойдог болохоор бидэнд маш сайхан санагддаг” гэв.

Үйлчлүүлэгч н.Галмандах,

Эднийх их эрт онгойдог. Яарч сандарсан үед онгорхой л байж байдаг. Сая зун хөдөө явах гээд зургаан цагаас ирэхэд хэзээний онгойчихсон гадаа цэвэрлэгээгээ хийгээд л угтаж авсан. Эрт онгойдог дэлгүүр ховор энэ үед ёстой амар. Маш найрсаг үйлчилгээтэй, ах дүү шиг л байдаг харилцаатай байдаг” гэлээ.

Б.Хонгорзул

Т.Ням-Очир: ХААИС-ийн байрыг түрээслэж хичээллэхээр болсон 32-р сургууль бүх төлбөрөө төлчихсөн. Тиймээс сурагчид асуудалгүй хичээллэнэ
Т.Ням-Очир: ХААИС-ийн байрыг түрээслэж хичээллэхээр болсон 32-р сургууль бүх төлбөрөө төлчихсөн. Тиймээс сурагчид асуудалгүй хичээллэнэ
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.