Өчигдрийн орсон борооны улмаас Тэрэлжийн гүүр усанд автаж, тус замын хөдөлгөөнийг түр зогсоогоод байсан. Тэгвэл Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар "Налайх дүүрэг, Тэрэлжийн замд Туул голын гүүр гараад БОСА болон “Тэрэлж” гэсэн хоёр дэлгүүрийн хоорондох авто замын хөвөө усанд автаж, нурсан. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус хэсгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан ч 01:00 цагаас тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлж эхэлсэн. Одоогоор хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Өчигдөр 23:00 цагийн байдлаар 123 иргэн зорчиж явсан 22 тээврийн хэрэгслийг татаж гаргах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг ажлыг зохион байгуулсан. Энэ зам дагуу их хэмжээний шороо овоорсныг цэвэрлэж дууссан.
Тодруулбал, үерийн 50 метр шуудуу татаж, 108 шоо метр дайрга буулгаж, замыг тэгшитгэлээ. Уулнаас болон зам дагуу их хэмжээний ус урсаж орж ирж байгаа тул халдваргүйжүүлэлтийг өнөөдрөөс хийж эхэлж байна. Энэ ташрамд, аялж зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, голын ус руу орохгүй байхыг сэрэмжлүүлж байна" гэв.