Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Тулга: 89 барилгад эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөлөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 48 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас цахимаар удирдан зохион байгуулав. Шуурхай зөвлөгөөний эхэнд Хотын дарга үерийн нөхцөл байдалд шуурхай ажиллаж, хохирол багатай даван туулах зохион байгуулалтыг хийсэн Нийслэлийн онцгой комисс, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, УБЗАА болон УСУГ, УБЦТС-ний удирдлага хийгээд нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ.

89 барилгад эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөлөө

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газар Ц.Тулга "Үерийн усны урсгалыг удаашруулж, нэвтрүүлэх чадварыг алдагдуулж байгаа барилга байгууламж, зам, гүүр, далан суваг, шуудуу, голдирлыг өөрчилсөн байдалд хяналт тавьж ажиллалаа. Гамшгийн үед шийдвэр гаргах ажлын зураг, үерийн далангийн зургууд, мөн Сэлбэ, Туул голын онцгой хамгаалалтын бүс буюу 245 га талбайд өртөж байгаа 734 барилга байгууламжийн судалгааг гаргасан. Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд барьсан болон барихаар төлөвлөсөн барилгуудын мэдээллүүдийг гарган ажиллаж байна.

Түүнчлэн үер болсон байршлуудад шороо, элс зөөх дөрвөн чиглэлийн маршрутын схем зургийг бэлтгэсэн. Сэлбэ гол дагуух үерийн эрсдэлтэй 18 байршлыг, Туул голын далангийн эрсдэлийн байдлыг тодорхойлсон. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны үерт автаж, зоорийн давхар нь усаар дүүрсэн барилгуудын зурган мэдээллийг гаргаж, усны хэмжээг тооцож, энэ дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллалаа. Мөн холбогдох байгууллагуудтай хамтран Сэлбэ голын далангийн байдлыг шалгаж, эвдрэл гэмтлийг засах, шинэчлэх чиглэлээр ажиллаж, үерт автсан барилгуудад үзлэг хийлээ. Энэ дагуу 89 барилгад барилгын чанар, аюулгүй байдлын буюу эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөгөө гаргасан" хэмээв.

Сэлбэ гол дагуух 17.5 км газрыг цэвэрлэлээ

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа "Манай дүүргийн хэмжээнд нэг, 15 дугаар хороо өндөр эрсдэлтэй байсан. Дөрвөн хороог хамарсан таван метрийн өргөнтэй 2 км орчим үерийн даланг босгож, 500 өрхийг нүүлгэн шилжүүллээ. Үерийн эрсдэлтэй газар буусан 550 айл байна. Үерийн аманд буусан айлд эзэмших газар олгосон байна. Тодруулбал, өмчлөх гэрчилгээтэй 158, эзэмших гэрчилгээтэй 312 айл, зөвшөөрөлгүй 80 айл бий. СӨХ-г цэгцлэх хэрэгтэй, ажиллах чадамжгүй СӨХ олон байгаа. Үерийн хугацаанд иргэдээс дөрвөн сая гаруй төгрөг хурааж аваад, дарга нь алга болчихсон байх жишээтэй. Долоодугаар сарын 16-нд 130 хүний бүрэлдэхүүнтэйгээр Сэлбэ гол дагуух 17.5 км газрыг цэвэрлэлээ" гэв.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх "Тусгай чиг үүргийн байгууллагуудад иргэд, аж ахуйн нэгжээс талархал илэрхийлж байна. Үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байгаа. Цахилгааны байгууламжид лаг шавар орох, цахилгаан шат ажиллах боломжгүй болж, ус, цахилгаан өгөхөд хүндрэл үүссэн. Цаашид үер болохоос урьдчилан сэргийлж, бэлтгэл ажлаа хангах хэрэгтэй байна" гэлээ.

“Үерийн аманд буусан айлуудад тодорхой байршил зааж өгсөн ч өгсөн байршлыг голж, нүүхгүй байна“
“Үерийн аманд буусан айлуудад тодорхой байршил зааж өгсөн ч өгсөн байршлыг голж, нүүхгүй байна“
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.