Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа ”Манай хороо - Миний гудамж 2023" оны аяны талаар танилцуулсан юм.
Тодруулбал, нийслэлийн иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, санал санаачилгаараа орчноо тохижуулан хотын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй иргэдийн тоог нэмэгдүүлэх, ухамсарт, бүтээлч, соёлч хандлагыг сурталчлахаар тус аяныг зохион байгуулж буй.
Энэ хүрээнд өнгөрсөн зургаадугаар сарын 5-наас аяныг олон нийтэд сурталчлах, түгээх ажлууд эхэлснийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа тэмдэглэв. Аяны хүрээнд шилдэг дүүрэг, шилдэг хороо /орон сууц/, шилдэг хороо /гэр хороолол/, шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, шилдэг СӨХ, шилдэг орон сууцны контор (төсөвт ба хувийн ОСК), хэрэглэгчдэд үйлчлэх төв, шилдэг өрх /гэр хороолол/, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага, ногоон байгууламжийн шилдэг аж ахуй нэгж байгууллагыг ирэх аравдугаар сарын эхээр шалгаруулахаар болжээ.