Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлын явц, цаг үеийн нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжийн дарга Д.Авирмэд танилцууллаа.
Нийслэлийг олон төвт хот болгохоор хүн ам, эдийн засгийн нягтрал багатай гэр хорооллын зургаан байршлыг дэд бүтэцжүүлж, хотын эдийн засгийг тэлэх шинэ орон зай, боломжийг бүрдүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Дамбадаржаа, Дэнжийн 1000, Шархад дэд төвүүдийн бүтээн байгуулалттай уялдуулан гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслүүд хэрэгжиж буй. Тодруулбал, Баянхошуу дэд төвд 3250, Сэлбэ дэд төвд 2299, Толгойт дэд төвд 2259, Шархад дэд төвд 2232 орон сууцны төсөл хэрэгжиж байна.
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн нэгжийн дарга Д.Авирмэд: Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд 14.1 км авто зам, гурван гүүр баригдсан. Ингэснээр Баянхошууны эцсийн уулзвар, Жанцангийн авто зам, Долоон буудлын уулзвар, зуслангийн авто замын ачаалал ачаалал буурсан байна. Түүнчлэн 28 мвт дулааны станцыг барьж, Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанд холбосон. Одоогоор Толгойт дэд төвд дутагдаж байгаа дулаан хангамжийн 11.6 гкал/ц техникийн нөхцөлийн шийдвэр гаргуулах, Дэнжийн 1000-ын дулааны станц барих зарим ажлын хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай зэрэг асуудал тулгамдаж байна хэмээлээ. Эдгээр бүтээн байгуулалтын эх үүсвэр, эдийн засгийн тооцооллыг нарийвчлан гаргаж танилцуулахыг Хотын дарга онцолсон.