ТББХ өнөөдөр хуралдаж, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцлээ. Ингэхдээ чуулганы анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн эмэгтэйчүүдийн квотыг 40 болгох саналыг дэмжсэнгүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, С.Амарсайхан, Х.Нямбаатар, Ж.Эрдэнэбат, Ц.Мөнх-Оргил эмэгтэйчүүдийн квотыг 40 болгох саналыг эсэргүүцэж санал өгчээ.
Хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Жендэрийн асуудлаар том хурал хийгээд Бан Гы Мун хүртэл ирлээ. Солонгос улсын Үндэсний ассембелийн дэд дарга эмэгтэй хүртэл ирлээ. Тэгэхээр эрэгтэй гишүүд маань үүнийг ойлгож, зөв зүйтэй шийдээрэй. Олон улсад 10 хувь нэр дэвшилт нэмэгдлээ гэхэд парламентын төлөөлөл 3 хувиар л нэмэгддэг. Тэгэхээр 20 хувиар нэмэгдлээ гэхэд 6 хувь л болох нь. Тиймээс парламетад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэх хэрэгтэй" гэлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "2012 онд 11, 2016 онд 13, 2020 онд 13 эмэгтэй УИХ-д орж ирсний үр дүнд хүүхэд хамгаалалд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг бид анх удаа хийж чадаж байсан. Үүний үр дүнд гурван ээлжээр хичээллэдэг байдлыг бид халж, ясли, цэцэрлэгт орохын тулд үүрийн хэдэн цаг хүртэл дугаарладаг байсныг халсан. Энэ нь жендэрийн тэгш байдал, баланс хангахыг ямар их ач холбогдолтойн жишээ. Хүүхэд хамгааллын төсөв тэрбум төгрөг хүрдэггүй байсныг бид арай гэж олон улсын жишигт дөхүүлж, 11-13 тэрбум төгрөгт авч ирсэн. Үүгээрээ хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дорвитой арга хэмжээнүүдийг авч чадсан. Хүүхдийн байцаагч ажиллуулахад үр дүн өгсөн. Одоо яригдаад байгаа 30, 40 хувь нь УИХ-д хэдэн эмэгтэйчүүд нэр дэвших гээд байгаадаа биш, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт санхүүжилт юм" гэсэн юм.