Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮХНӨ: Гишүүд дүлгэнэж, Ерөнхий сайд зүтгүүлж, Ерөнхийлөгч боломж хайж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 44 секунд
UBN.MN

Талбайн бужигнаан тайвширч, улс төрийн үйл явц илүүтэй өрнөсөн өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна. 2023 оны гарахтай зэрэгцэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг том сэдвийг бид “өлгийдөн” авна. Харин тогтолцооны шинжтэй энэ өөрчлөлтийг хийх үү, үгүй юу гэдэг нь асуултын тэмдэг хэвээр байна. Талууд бол өөр өөрсдийн хүсэл сонирхлоо хангахыг л хүсч байгаа. Зөвлөлдөх санал асуулгыг УИХ хоёрдугаар сарын 20-н хүртэл хийхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөс хойш ҮХНӨ-өөр хийх боломжтой сэдэв, агуулгын хүрээ хязгаар тодорхой болно гэсэн үг.

Эндээс л ҮХНӨ-ийг хийх хугацаа гарах уу гэдэг зүйл яригдана. Зөвлөлдөх санал асуулга дууссаны бараг маргааш нь цагаан сартай золгоно. Тиймээс цагаан сарын өмнө ҮХНӨ-ийг явуулж амжихгүй. Нийтээрээ далийтал 10 хоног шахуу баяраар амьсгалаад гуравдугаар сартай золгоно. Хаврын чуулганаар сонгуулийн хууль, улс төрийн намын хууль гээд хэлэлцэх том хуулиуд олон. Дээр нь нэмээд хаврын улс төр халж, жагсаал цуглаан ч тасрахгүй. Тиймээс гуравдугаар сардаа л багтаж ҮХНӨ-ийг явуулахгүй бол өөр цаг бараг байхгүй гэсэн үг. Хамгийн чухал нь МАН дотор үүссэн дарга нарынх нь үл ойлголцол арилсан цагт л ҮХНӨ бүрэн утгаараа урагшлах учиртай.

Тэгвэл ҮХНӨ-ийг дагасан улс төр хэрхэн өрнөж буй талаар хамтдаа эргэцүүлье.

ҮХНӨ ба Засагдах зүйлс

“Нүүрсний хулгай”-тай тэмцэхийг шаардсан жагсаал ҮХНӨ буюу тогтолцооны өөрчлөлт хийх нь зөв гэдэг ойлголтыг ерөнхийд нь олон талуудад ойлгууллаа. Үүнд дээр дөрөөлөн босч МАН-ын залуу дарга нар ҮХНӨ-ийг парламентын босго давуулахаар бэлтгэж, тохирч байна.

Тэгвэл ҮХНӨ-ийн хүрээнд гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн холимог системийг оруулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Засаг захиргааны нэгж гэх зэрэг үндсэн хэдэн зүйлийг хийхээр улс төрийн хүрээнд яригдаж байна. Мэдээж оны дараа болох Зөвлөлдөх санал асуулгаас эдгээр дээр нэмэх ганц нэг санаа авах байх. Ерөнхийдөө том улс төрийн хувьд эдгээрийг л явуулах төлөвтэй байна.

Ерөнхийлөгчийн институтийн ҮХНӨ-ийг дэмжих хоёр өнцөг

ҮХНӨ-ийг явуулахад тал бүрийн ойлголцол хэрэгтэй. Нам, засаг, Ерөнхийлөгч, бусад намууд гээд бүгд эрх ашгаа шингээж чадвал урагшилдаг. Үгүй бол өнгөрсөн 1, 6 дугаар сарынх шиг гацдаг учиртай.

Тэр дундаа Ерөнхийлөгчийн институтийн “виз” маш чухал. Тэгвэл Ерөнхийлөгчийн зүгээс ҮХНӨ-ийг дэмжих хэд хэдэн чухал өнцөг бий. Эхнийх нь мэдээж Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгоод өөрөө дахин нэг удаа улирах боломжоо гаргаж ирэх. Хоёрдугаарт, холимог тогтолцоогоор сонгууль явуулахад нэг нам өнөөдрийнх шиг хэт олонх болж чаддаггүй. Ихэнх тохиолдолд хамтарсан засаг байгуулах бүрдэл. Эсвэл 40 дөнгөж гарсан суудал л авах магадлалтай. Ийм тооцоолол Ерөнхийлөгчид хамгийн ашигтай. Яагаад гэвэл УИХ дахь намууд аль болох олон, авсан суудлын тоо нь аль болох цөөн байвал Ерөнхийлөгчийн “тоглолт” тэнгэрт тулдаг. Тиймээс Ерөнхийлөгчийн институт эрх ашиг нь хөндөгдөхгүй л бол ҮХНӨ-ийг эсэргүүцээд байх шаардлага гарахгүй байх.

Хэрэв байдал эвгүйтвэл Ерөнхийлөгч заавал энэ парламентын хугацаанд өөрт хэрэгтэй заалтуудыг зүтгүүлээд байх ч шаарлагагүй. Түүнд дараагийн парламентын үед ажиллах бүрэн эрхийн хугацаа хангалттай бий.

Ерөнхий сайдын ирээдүйн улс төр ба тоо, тогтолцоог өөрчлөхийг гишүүд төдийлөн хүсэхгүй байна

Ерөнхий сайд тэргүүтэй залуу удирдлагууд нь бүгд тогтолцооны өөрчлөлт хийхийг зорьж байгаа. Ялангуяа сая өрнөсөн жагсаалаар далим үсэргээд тогтолцооны өөрчлөлт хийх нь тэдэнд хамгийн ашигтай. Ерөнхий сайдад намын жагсаалтаас эхлээд л өөрийн багийг УИХ руу оруулж ирэх олон давуу тал бий болно. Хамгийн чухал нь Л.Оюун-Эрдэнэ гэх хувь улстөрчийн хувьд 2050 он тооцооллоор нь үргэлж нүүрний эгнээнд биш юм аа гэхэд ихэнхдээ нүүрний эгнээнд явах ирээдүйн улстөрд нь өнөөдрийн ҮХНӨ хамгийн хэрэгтэй. Харин гишүүдийн хувьд яг үнэндээ тоо нэмэх, сонгуулийн холимог тогтолцоог оруулах зэрэгт төдийлөн тааламжгүй хандаж буй. Сая жагсаал болохоос өмнө МАН-ынхан дотор жижигрүүлсэн мажоритар хэлбэрээр сонгуулиа хуулиа өөрчлөөд жижиг тойрогт “алалцъя” гэдэг пропагандаа ордноор нэг явсан. Ер нь нам, засгийн нэр хүнд эдийн засаг, элдэв хулгайгаас болоод уруудад байгаа энэ цаг үед жижиг тойрогт хувийн тоглолт хийх нь зөв биз.

Харин гишүүдийн дүргүй хандлагыг өөрчлөхийн тулд нүүрсний хэрэгт холбоотой гэх зарим хүмүүсийг нь зарлах, “дахиад ч цаана нь нэр үлдсэн” гэдэг дарамтын шинжтэй мессежийг тараах зэргээр “бөлдөгдөж” байна. МАН-ын 62 гишүүний талаас илүү нь нүүрсний мөнгөөр хэдийнээ эргэлдээд амжсан. Яг нарийн зарлаад явбал, УИХ байтугай, улс тарах хэмжээнд очно.

Үүнээс гадна УИХ-ын сонгуулийг ээлжит бусаар хийе гэдэг санааг цухалзуулаад амжсан. Энэ нь ч нэг ёсны сүрдүүлэг. Гишүүд өөрсдийгөө хамгаалж үлдэж чадах ч саяынх шиг жагсаал зохион байгуулчихсан байхад тарахгүй гэх газаргүй. Гэхдээ ээлжит бус сонгуулийг хурдхан шиг хийх нь Ерөнхий сайдад ашигтай л хувилбар. УИХ-д аль болох өөрийн хүмүүсээ оруулна. АН-ыг амилж амжаагүй байхад нь сонгуулиа хийнэ. Эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл цаг хугацаа өнгөрөх тусам улам муудна. Өөрөөр хэлбэл, бүр муудахаас нь өмнө ард түмэнтэйгээ нүүр тулна гэсэн үг. Гэхдээ ээлжит бус сонгуулийг эсэргүүцэх олон талын эрх ашиг бий.

УИХ-д суудалтай, суудалгүй намуудын хувьд хоёр алгаа хавсарч байгаад л ҮХНӨ-ийг дэмжинэ. Тоо олширч, сонгуулийн тогтолцоо өөр болсноор АН, ХҮН гээд бүх УИХ-д авдаг суудлын тоо автоматаар өснө. Төлөөллийн зарчим нэмэгдэх аюултай

Өөрөөр хэлбэл, ҮХНӨ-ийг явуулах бүхий л урьтач нөхцөл уг нь бүрдэж байна. Харин үүнийг УИХ явуулах уу, цаг хожоод орхих уу. Эцсийн хариулт нь явж, явж МАН-д засаглах эрх хэнд шилжихээс бүх зүйл хамаарах буй за.

Г.Лхагвадорж

БНХАУ ирэх нэгдүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн гадаадаас ирсэн зорчигчдыг ТУСГААРЛАХГҮЙ
БНХАУ ирэх нэгдүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн гадаадаас ирсэн зорчигчдыг ТУСГААРЛАХГҮЙ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.