ДҮЛЗЭНГҮҮД

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 15 секунд

Аргентин улс дэлхийн 2-р дайны дараа сүрхий баян болоод байлаа. Дайны хар сүүдэр холуур өнгөрсний дээр холбоотны гол хангамжийг нийлүүлж, дайнаас зугтсан хөрөнгөтнүүд тэр дундаа Англичуудын хөрөнгө оруулалтыг маш ихээр татжээ. Гэтэл мөрөөрөө хөгжөөд явж байтал Хуан Перон гэгч “сайн эр” Ерөнхийлөгч болон гарч ирснээр бүх зүйл эргэв. Төсвийнхөө 30%-ийг халамж болгоход нэг их удсангүй. Дүрмийн дагуу гадны луйварчдаа хөөж гаргаад, бүх уурхайг ард түмний мэдэлд авав. Мухар төмөр зам, хэзээ ч ашиглалтад ороогүй нефтийн үйлдвэр гэх мэт мега төслийн гега хулгай яг тэнд ижилхэн гаарч. Хэнтэй байлдах гэсэн юм бөө мэд цэргийн аж үйлдвэрт өчнөөн мөнгө үрсэн нь ялгаатай болохоос бусдаар бол яг бидний латин Америк хувилбар.

Аж үйлдвэр эдийн засгийн утгаа алдаж, хайр халамжийн охь булаг болсноор үндэстний түвшинд хийж бүтээх урам, хүсэлтэй хүн үлдсэнгүй. Тахиа өндөглүүлж гахайтай болно, гахайгаа зараад үхэр авна гэж үйлээ эдлэхийн оронд амаа ангайгаад Хуан Пероныхоо зургийг ширтэн суух нь амьдралд өлзийтэй. Ашиг нь хэнийх ч биш тул хөрөнгө оруулах, үйлдвэрлэлээ тэлэх, хөгжүүлэх сонирхол хэнд ч байхгүй.1951 он гэхэд Аргентиний инфляц хэдэн зууд хүрч мөнгөний ханш шалаар болов. Далан жил дамар эргэсний эцэст сая нэг тэс барууны ерөнхийлөгч сонгож цэгцрэх янзандаа орж байх шиг байна. Улс орныг нураахад хэдхэн дүлзэн хангалттай бол эргээд босгоход хэдэн үеэрээ махаа идээд бардаггүй л юм байна. Сониноос Хуан Пероний үед л торгонд умбаж, тосонд бялхаж явсан гэж дурсдаг хүн одоо ч байдаг гэсэн шүү. Аль ч нийгэмд насанд хүрээгүй том хүмүүс байдаг хойно гайхах юун. Ураны аюулыг баа бээгүй мэдэх хэрнээ нүхэн жорлонгийнхоо хор уршгийг мэддэггүй. Нео капитализм, дэлхийг атгадаг Ротешдений нууц бүлгэмийн айхтар глобал луйвар, дээрмийн сүлжээг нотлох атлаа бэлтэс мөрөнд залилуулчихдаг. Айхтар муу санаатай юм шиг хэрнээ хүүхэд шиг гэнэн нэг тийм хэсэг. Хөнгөн гэнэн мань хэд өөрсдөө ч мэдэлгүй популизмын хөрс шороо нь болчихоод байдаг л даа.

Ер нь хүний нийгэм байгалийн хуулиас нэг их гаждаггүй аж. Ус хөлдөж мөс, ууршиж хийн төлөвт орохыг хэн ч өөрчилж чадахгүй. Дахин дахин туршсаар нотолсон ойлголтуудаа бид шинжлэх ухааны онол гэж нэрлэдэг. Яг түүнтэй ижил хүний нийгэмд аль замаар явбал хаа хүрэх нь тодорхой болсон онолын ойлголтууд бий. Францын, октябрын, ардын, соёлын хувьсгалууд хоорондоо 200 жилийн зайтай атал аллага хүчирхийлэл, дээрэм тонуул, ухралт доройтол гээд хувьсгал тойрсон завхрал нь яг хэвлээд тавьчихсан мэт хоорондоо давхарддаг нь нийгмийн онол байгалийн онолтой ижил хүчинтэй байдгийн тод жишээ. Сталины коммун, манай нэгдэл, Маогийн тариачдын хамтрал ч яг ихрүүд шиг. Бүх баялгийг ард түмний гарт атгуулж, капиталистуудыг ялаад, орон орны пролитариуд нэгдэн жаргах үлгэр яг эсрэгээрээ баялгийг ард түмний нэр барьсан хулгайч нарт атгуулж, капиталистуудын оронд дарга ангитай болж, пролитариуд нь харин яг хэвээрээ үлддэг нь нотлогдсон туршилт. 20-р зуунд хаа сайгүй ийм туршилтууд хийгдээд нийтдээ нэг ижил хариу л гарсан. Өдгөө коммунист Хятад, Вьетнам ч хувийн өмчийг туйлын дээдээр хамгаалагч орон болсон.

Манайхан онол монол хамаагүй, Монголын онцлогт тохирсон бодлого энэ тэр гэж их ярьдаг болж. Соёл иргэншлийн эгнээнээс гараад ширэнгийн хуулиар амьдарч бас болно л доо.

Хорвоо гэдэг хоржоонтой. Коммунист Хятадад сургууль соёл төгссөн улсууд хөрөнгө хураах, хамтрал байгуулах тухай юу ч ярьдаггүй. Бизнес арилжаа голдуу ярина. Гэтэл Харвардын манай хэд хөрөнгө хураах, тараах тухай л яриад байдаг боллоо. Америк өөрөө зүүний бодлогод живж Д.Трампын хатуу прагматик, тэс барууны бодлогыг шокрон хүлээж авахдаа хүрсэн улс. Талх, живх тараахаас эхлүүлээд ажилгүй харуудын тэтгэмж хүртэл халамж утгаа алдсан.Үнэгүй юманд нугасгүй манайхан Америкт хаана ямар халамж, тэтгэмж, нүх сүв байна анддаггүй, алгасдаггүй л юм билээ. Үрэн таран хийх, хувааж найрлах зүүний халуурал ганцхан манайд ч өрнөөд байгаа юм биш ажээ. Бүтээж босгох хүсэл эрмэлзэлтэй хэсгээ банзанд хадан наранд хатаахдаа ардчиллын үлгэр жишээ улсуудын туршлагаас дурдаад байгаа нь огт худлаа ч бас биш.

Ойрмогхон “Ухаа худгийг шударга бус замаар гартаа оруулсан учраас эргээд хураана” гэж манай улсын тэргүүний дүлзэнгүүд дуу нэгтэй орилолдох боллоо. Ер нь шударгаар боссон бизнес гэж абсалют утгаараа байхгүй. Суу заль гэдэг бизнесийн чухал чадвар. Алдсан бол засаглаж чадаагүй нь төрийн буруу болохоос боломжийг ашиглах нь бизнес хийж байгаа хүний үндсэн зорилго. Винайн ёсыг сахиж хоосон чанарыг шүтдэг бизнесмен гэж үгүй. Ардчилал хүнд шуналтай байх эрхийг олгодог нь харамсалтай.

Хэлэх гээд байгаа гол санаа гэвэл: Бэт, Женко, Хиншүү мэтийн дүлзэнгүүдийн талаар нурших гэсэнгүй. Шимэгч хорхой ч хорвоод үүрэгтэй ирдэг гэж шинжлэх ухаан нотлоод байгаа юм шүү дээ. Хамгийн хол шүлсээ үсчүүлж геннист бүртгүүлэхэд Бэт-Зандан маань хэрэг болох ч юм билүү. Хамгийн гол нь манай дүлзэнгүүдийн мэдрэмж мэнэнгийн талд тууж яваа нь сайхан юм даа. Гудамжинд гараад захын залуугаас MCS-т ажиллах уу, Женкод ажиллах уу гэвэл Женког ихэнх нь сонгоно гэж мань хулгар жинхэнээсээ итгэдэг юм шиг байгаа юм. Гэтэл нийгэм өөрчлөгдсөөр, популизм хийхэд жаахан дараагийн шатны ур чадвар шаарддаг болоод байна. Нам нам дамжиж сексээр бол “транс жендер” маягийн болтлоо завхарсан Зандан, нэг хэвийн байрлалаар 20 жил тавьж байгаа Херо, Женко нарын попрол хөгжлийн хэрэгцээнд нийцэхээ байжээ. Уран ярихаар малын сэг зэмд хаа залгаж оёоод гажигтай мал төрлөө гэж айлгадаг дүлзэнгүүдээ таниад байна аа цаадуул чинь. Энержи ресурсыг алаад өгье гэхэд орилж босоод Шангри-Лаг шатаана гэж тооцсон шиг байгаа юм. Гэтэл юун уухайлах. Өрвийж эгдүүцэх залуу үе нийгэмд гараад ирсэн байна. Өмч, эрх чөлөөний мэдрэмжтэй шинэ үеийнхэнд дэглэсэн кино нь яаж ч балбаад “наалдахаан” байжээ. Мань хэд харин бөмбөр хөгжим нь зөрж дугараад байгааг мэдрэхгүй ч үгүй сонсгол нь таг дүлий.

Эцэст нь: мөнхийн шарталттай Хиншүү, боломж гарвал МАН-ын байрыг дахиад ноцоох хагас галзуу Бэт-Зандан, МАН-ыг тараах зарлиг буулгаж явсан Женко нартай нийлээд дүлзэндэж яваа намын даргаа журамт гишүүд нь хараад юу гэж бодож байгаа бол оо?

Хүн эрх мэдэлд хэт удахаараа төөрөгдөлд орж, мэдээллийн урсгалууд хаагддаг. Тойрон хүрээлэгчдийнхээ хэмжээнд сэтгэж, бодит мэдээллийг эрж хайгаад ч олохгүй хэмжээнд очдог гэсэн. Манайхан “вакумжаад” энэ тэр гэдэг дээ. Угтаа бас “тусгаарлалтын онол” гэдэг нэртэй л юм билээ.

Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ
Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ
 
Ш.Гүрбазар: Надад нас бэлэглэлээ. Монголын ард түмэн, уран бүтээлчид минь намайг үнэхээр догдлууллаа
Ш.Гүрбазар: Надад нас бэлэглэлээ. Монголын ард түмэн, уран бүтээлчид минь намайг үнэхээр догдлууллаа
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!