Ш.Гүрбазар: Надад нас бэлэглэлээ. Монголын ард түмэн, уран бүтээлчид минь намайг үнэхээр догдлууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 32 секунд

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Гүрбазар элэгний хорт хавдраар оношлогдож, Герман Улсад эмчлүүлж эхэлсэн билээ. Түүний эмчилгээний зардалд болон сэтгэлд нь дэм болох үүднээс урлаг соёлын төлөөллүүд хамтран "Би Монголоороо гоёдог" тоглолтыг өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсан юм.

Тэгвэл МУСГЗ Ш.Гүрбазар түмэн олондоо хандаж, сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр "Надад нас бэлэглэлээ. Ээ, миний Монголын ард түмэн, уран бүтээлчид минь намайг үнэхээр догдлууллаа.

"Гүрбазар ах минь эрүүл болоорой, ард түмэн минь сэтгэлийн дэм, ерөөлөө өргөөрэй" гэж Монголын сор болсон уран бүтээлчид нүдэндээ нулимстай дуулж, өгүүлж байхад би уярахгүй байж яахан чадах...

Өөрөөсөө өөрийгөө олох шиг.

Өөдрөг байхын дээд урмаар адислуулах шиг, нэг л их үнэмшил намайг тэнгэр татаад босгох шиг зөн совингоор би омогшиж байна. Одоо хийгдэж байгаа угтвар тандалт эмчилгээнүүд, бичил мэс засал, гурван сарын сүүлээр ирэх том хагалгааны дараа эрүүлжин сэргээд ирэхийн итгэл дүүрэн боллоо. Хүндэтгэлийн тоглолтыг санаачилсан, зохион байгуулсан болон тоглолтод оролцсон бүх уран бүтээлчдэдээ чин сэтгэлээсээ баярлалаа.

Энэ хугацаанд надад чин сэтгэлийн зөвөлгөө, ерөөл дэмбэрэл, сэтгэлийн хандиваа илгээж байсан олон түмэндээ ч талархая.

Эмчилгээний зардал өртөг өндөр энэ оронд байгаа надад сэтгэлээсээ өргөсөн бүхэн тань даарч үзсэн хүн дахныхаа хагасыг нөмөргөх шиг их илч, их урам надад өгч байгааг нуугаад яахав.

Тавин жил Монголын их урлаг, утга зохиолд зүтгэсэн минь, монголын ард түмний минь их хайр хүндэтгэл, миний хадгалсан буян, хураасан их өв минь байж дээ гэж бэлэгшээж сууна.

Ерөөл дэмбэрэл аз жаргалыг дууддаг болохоор би эрүүл энх явахын их цулбуураас атгаад очноо эх орон, элгэн түмэндээ.

Харин тосож байгаа он жилүүдийн аман хишгээ, миний ард түмэн надад бэлэглэсэн нас гэж сүслэн залбирах болноо.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй" хэмээжээ.

Ж.Оджаргал: “Ухаа худаг“-ийг авахад бид ямар ч хууль ЗӨРЧӨӨГҮЙ
Ж.Оджаргал: “Ухаа худаг“-ийг авахад бид ямар ч хууль ЗӨРЧӨӨГҮЙ
 
СХД-т гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг ашиглах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
СХД-т гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг ашиглах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!