Баянзүрх дүүргийн 6-р хороонд “Наран трейд” ХХК сургуулийн зориулалтаар барилга барина хэмээн мэдэгдэж байсан газартаа 16 давхар орон сууц барихаар ажлаа эхэлсэн байсан. Үүнийг тус хорооны оршин суугчид эсэргүүцэж НИТХ-ын дарга Ж.Батбаясгслан болон төлөөлөгчид, дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх зэрэг бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж байсан. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ "Эцсийн шийдвэр иргэдийн оролцоотойгоор гарна гэдэгт дүүргийн Засаг даргын хувьд итгэлтэй байгаа. НИТХ-ын дарга, төлөөлөгчид гээд бүгд нэг мэдээлэлтэй байгаа учраас холбогдох хүсэлтийг хотын удирдлагуудад дэвшүүлнэ" гэдгээ илэрхийлж байсан юм.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж гаргаж тус хороонд Наран трейд ХХК-ны өмчлөлийн хэлбэрээс бусад эзэмшлийн газрыг нийтийн эзэмшлийн газар болголоо.