Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Номин“-гийн Ш.Баярсайхан Нийслэлийн прокуроруудыг “Эрэл“-ийн Б.Эрдэнэбатаас авлига авсан хэмээн шалгуулахаар АТГ-т хандлаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 21 секунд

"Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбат нь Нийслэлийн прокуроруудад авлига өгч, хэргээ хаалгах гэж хэмээн "Номин Холдинг" компанийн захирал Ш.Баярсайхан АТГ-т ханджээ.

Энэ талаар түүний өмгөөлөгч О.Батсүх "Номин Холдинг" компанийн захирал Ш.Баярсайхан нь өөрийг нь нэр бүхий этгээд залилсан үйлдлийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчидтай холбоотой гомдлыг АТГ-т гаргасан. Энэ гомдлыг дөнгөж сая АТГ-т өглөө. Ш.Баярсайхан нь 2016 онд Монголын томоохон компанийн үүсгэн байгуулагчид 20 тэрбум төгрөгөө залилуулсан. Энэ асуудал шалгагдаад анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэж, гэм буруутай этгээд хорих ял авсан. Улмаар Дээд шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх асуудлыг үгүйсгээгүй, зөвхөн Ш.Баярсайхан гэдэг хүнээс авсан 20 тэрбум төгрөгийг хэрхэн яаж зарцуулсаныг шалга хэмээн прокурорт буцаасан.

Гэтэл энэ хэрэг прокурорт буцаагдсанаас хойш дахин шүүх рүү шилжээгүй. Хэрэг нь замхарсан, удааширсан. Мөрдөгч нь хэргийг хаах саналыг хэд хэдэн удаа гаргаад байгаа. Шалгагдаж байгаа хүн нь өмгөөлөгчөөрөө Нийслэлийн прокурорын газарт олон жил прокурор хийсэн, удирдах албан тушаал хашиж байсан хүнийг авсан. Энэ хүн өмгөөлөгчөөр орж ирсэнээс хойш энэ хэрэг удааширч байгаа. Магадгүй хэргийг хянаж байгаа прокурор, хуулийнханд хууль бусаар нөлөөлж, авлига зуучилж, хэргийг замхруулж болзошгүй гэж хардаж, энэ асуудлыг болон нэр бүхий прокуроруудыг шалгуулахаар АТГ-т хандаж байна" гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Анхан шатны шүүхээр Б.Эрдэнэбатын гэм буруутайг тогтоож, 7 жилийн хорих ял оноосон. Гэтэл хэрэгсэхгүй болгох санал оруулж байгаа нь Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Н.Цэцэгмаатай холбоотой гэж үзэж байна уу?

-Хардлага бол байгаа. Тиймээс шалгуулахаар АТГ-т хандаж байна. АТГ шалгаж тогтоох байх. Миний үйлчлүүлэгчийг залилсан асуудал шүүхээр тогтоогдсон. Харин Дээд шүүхээс залилсан мөнгөө хэрхэн зарцуулсаныг шалга гэж буцаасан байхад энэ хэрэг одоо шалгагдах нь битгий хэл, хаагдах саналтай явж байна.

-Залиланг яаж үйлдсэн байдаг юм бол?

-Ш.Баярсайханыг залилсан гэх хүний нэр одоо Хөгжлийн банкны асуудалд бас дурдагдаж байгаа. Хөгжлийн банкнаас олон тэрбум төгрөгийн хөрөнгийг барьцаалж зээл авсан хэрнээ нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй. Мөн Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгөө миний үйлчлүүлэгчид барьцаалж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар 20 тэрбум аваад залилчихсан. Өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй. Хөгжлийн банктай холбоотой бас шалгагдаж байгаа.

Гэтэл Хөгжлийн банктай холбоотой шалгагдаж байгаа хүмүүс хөрөнгөө барьцаалуулж, хоригдох нь хоригдож байна. Гэтэл ганцхан энэ хүнийг хуулийн байгууллага тойрч ажиллаад байна. Эрүүгийн хэрэг хуулийн тусгай ангид зааснаар залилах хэрэг нь хуурах, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгох, итгэлийг урвуулан ашиглах замаар хүний эд хөрөнгийг авах үйлдлүүдийг аль нэгийг хийсэн бол гэмт хэргийн шинж хангагддаг гэж үздэг. Гэтэл миний үйлчлүүлэгчийг залилсан асуудалд энэ бүх үйлдэлд хангагддаг. Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгөө өөр этгээдэд барьцаалж болохгүй байтал барьцаалаад 20 тэрбум төгрөг авсан байна. Хэрэв энгийн иргэн бусдыг залилсан бол хуулийнхан аль эрт өндөр ял оноочихсон байх болов уу.

-Прокурорын байгууллагын хэчнээн хүнийг хардаж, гомдол гаргасан бэ?

-Хэд хэдэн хүнийг шалгуулахаар гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгчийн залилсан хүний өмгөөлөгч нь прокурорын байгууллагад олон ажил ажилласан. Прокурорын байгууллагаас гарангуутаа өмгөөлөгчөөр ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг. Прокурорт олон жил ажилласан хүн бүх прокуроруудаа таньж мэдэж байгаа. Хамт ажиллаж байсан хүмүүс нь одоо прокурорын байгууллагын удирдах албан тушаалтан болчихсон байна. Тэгэхээр энэ хэрэг шударгаар шийдэгдэх үү гэх хардлага байна. Тиймээс шалгуулахаар өгч байна.

-Прокуророор ажиллаж байсан хүн, өмгөөлөгчөөр ажиллах боломжтой гэж прокурорын удирдлагууд тайлбарлаад байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Хуулийн зохицуулалт бий. Прокуророор ажиллаж байсан хүн хоёр жилийн хугацаанд тухайн байгууллагатай холбоотой асуудлаар өмгөөлөл үзүүлэхгүй гэж заасан байгаа.

С.Ганбямба: Зэвсэгт хүчний хэрэгцээт зардлын 7-10 хувийг л хангах төсөв батлагдаж байна
С.Ганбямба: Зэвсэгт хүчний хэрэгцээт зардлын 7-10 хувийг л хангах төсөв батлагдаж байна
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.