"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат бол Хөгжлийн банкнаас ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр зээл авсан, зээлээсээ нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байгаа зээлдэгчдийн нэг. Барьцаа хөрөнгө шаардалгүйгээр нөлөө бүхий эрх мэдэлтнүүд ийнхүү зээл авсан нь Хөгжлийн банкийг дампууруулах эрсдэлд оруулаад байсан цаг саяхан. Тиймээс Хөгжлийн банкаас томоохон зээл авсан, зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байгаа компани, ААН-үүдийг шүүхэд өгч, асуудлыг нь шүүхээр шийдвэрлүүлэхээ тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдэгдсэн юм.
Энэ дагуу томоохон, хариуцлагагүй зээлдэгч нар өрөө төлөх нь төлж, шүүхийн хаалга татах нь татсаар байна.
Тэгвэл үүний нэг болох "Эрэл" компани. Тус компани нь 2013-2015 онуудад Хөгжлийн банкнаас гурван удаагийн зээл авсан бөгөөд ингэхдээ ирээдүйд олох ашигаасаа төлөх, мөнгөгүй данс барьцаалах, мөн газар доорх шугам сүлжээг барьцаалж зээл авсан. Тодруулбал,
- 2013 онд 39.887 тэрбум,
- 2014 онд 44.220 тэрбум,
- 2015 онд 25.642 тэрбум төгрөгийн зээл буюу нийт 109.7 тэрбум төгрөгийн зээл авсан.
"Эрэл" компанийн зээлийг эргэн төлүүлэхээр шүүхэд хандаж, шүүх хурлыг товлосон ч "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын талаар шүүх хуралдааныг 17 удаа хойшлуулаад байна.
Өнөөдрийн байдлаар өрийн үлдэгдэл нь 197 тэрбум төгрөг. Гэтэл нийт барьцаанд тавьсан эд хөрөнгийн үнэлгээ нь 50 тэрбум төгрөг. Тухайн хөрөнгийг нь зээлийн барьцаанд хурааж авлаа гэхэд Хөгжлийн банкнаас авсан зээлийнх нь тал хувийг ч хангахгүй байдалтай байна.
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул "Барьцаанд 10 га газар байгаа. Үүний 2,8 га нь Хөгжлийн банкны барьцаанд байдаг. Мөн энэ хэмжээний газар дээр объектууд нь барьцаанд байгаа. Энэ нь маш хангалтгүй. Хураагаад авлаа гэхэд үйлдвэр ажиллах боломжгүй. Үйлдвэр нь бүтнээрээ ч биш. Хурааж авлаа гэхэд бүтэн ажиллуулах боломжгүй.
Тус үйлдвэр 2019 оноос үйл ажиллагаагаа зогсоосон. Төсөл яагаад ажиллахгүй гацав гэтэл эргэлтийн хөрөнгө дутагдсан гэж үйлдвэрийнхэн тайлбарлав. Энэ нь цэвэр компанийн хийх ёстой ажил" хэмээлээ.
Хамгийн сонирхолтой нь "ТЭЗҮ судалгаа нь бэлэн болоогүй “Эрэл“, “Шинэ Яармаг“, “Бэрэн“ компаниудад санхүүжилт олгохыг даалгасан тогтоолууд байна" хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байсан билээ.