Нийслэл хотын төвөөр хэсэг алхлаа. Уртын харайлтын улирал дуусч уран гулгалтын улирал иржээ. Урд алхах хүмүүс эгээтэй л халтираад уначилгүй арай хийн тогтож ядна. Гэвч хамгийн харамсалтай нь хаа сайгүй хөлдөж тогтсон нус, цэр, шүлс.
Халтираад унах ч яамай. Хатаж, хөлдсөн нус цэрэн дээр л хальтираад уначихгүй юм шүү хэмээн хамаг байдгаараа биеэ барин алхахаас өөр сонголтгүй.
Энэ бүр дүүрч. Зарим хүмүүс бүр урд алхаж явахдаа ум хумгүй л "гах гух" хийлгэн нус цэрээ хаях. Гудамж талбай битгий бохирдуул гээд хэлчихвэл өндөр, нам, өргөн, бүдүүн, нас, хүйсээрээ доромжлуулчихна. За бүр жаахан хижээл насны хүн байвал өөрийг нь хүндэлсэнгүй хэмээн үгийн муухайгаар сийчүүлнэ.
Хүйтний улирал эхэлсэн болоод ч тэр үү хүүхдүүд хэдийнээ ханиад, томуу зооглоод эхэлсэн. Аргагүй шүү дээ энд тэндгүй л нус, шүлсэндээ баригдчихсан нийслэл хотын гудмаар алхаж яваа юм болохоор хэн хүнгүй л ханиад, шуухнаа хүрнэ. Учир нь шүлсээр дамжуулан маш олон төрлийн вирус агаарт тархдаг. Бүр ковидын үед ч нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх хэмээн учирлаж байсан түүхтэй.
Гэтэл манайхан надаас л зайлж байвал энэ "ялгадас"-ыг хаана ч хаясан яахав хэмээх ахархан бодолтой. Гэтэл энэ нь бусдыг биш юм аа гэхэд өөрийгөө, үр хүүхдээ, гэр бүлээ, хайртай дотны хүмүүсээ эрсдэлд оруулж буй нэг хэлбэр гэдгийг ойлгомоор.
Тиймээс та гэрийнхээ шалан дээр шүлсээ хаяж, нусаа нийдэггүй шиг төрөлх хотынхоо гудамж талбайд ил задгай нус, цэрээ бүү хаяаарай. Таны хаясан нус, цэрийг ТҮК-ийн ажилчид цэвэрлэж байгааг ч бүү мартаарай. Угтаа метро хотын иргэн болсон хэн ч бай хотын соёлд суралцаж, нийслэл хотын өнгө үзэмжинд анхаардаг баймаар. Нийтийн эрх ашгийг нэг муу нус, цэрээр битгийн зөрчөөч хэмээн хүсч байна.