Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яагаад ЗГ хуулиа зөрчиж, 30 хоногийн дотор томилох ёстой ЭМ-ийн дэд сайдыг 222 хоногт томилж чадахгүй байна вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 30 секунд
Ubn.mn

Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багт хамтарч ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр гуравдугаар сарын 23-нд ажлаас нь чөлөөлсөн. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар Дэд сайдыг орон гарсан тохиолдолд Засгийн газар 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилох ёстой. Гэтэл М.Баттүвшинг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш 30 хоног ч биш бүр 222 хоног өнгөрч байхад сайдын суудал эзэнгүй хэвээр.

Өөрөөр хэлбэл, энэ зургаан сарын дотор Засгийн газар бусад салбарын дэд сайд, албан тушаалтнуудын халаа, сэлгээг хийж чадсан шиг ээ Эрүүл мэндийн дэд сайдын томилгоог хийж чадалгүй "хий эргэсээр" өнөөдөртэй золголоо. Нөгөө талдаа, хуулийн хугацаанд нь томилгоогоо хийхгүй байгаа нь Засгийн газар өөрөө хуулиа зөрчиж, түүнийгээ юм нь чинээ тоохгүй байгаагийн тодоос тод илрэл болж байна.

Эрүүл мэндийн яам бол бодлогын чухал яамдын нэг. Иймээс сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гэх удирдлагууд нь салбарынхаа харааг зөв зүгт чиглүүлэх үүргийг хуулиараа хүлээдэг. Гэтэл нэгдэж ажиллах ёстой гурван удирдлагын нэг нь байхгүйгээс дэд сайдын үйл ажиллагааны үр нөлөө гээч зүйлийг яамнаас нь ч, салбараас нь ч хайгаад олохгүй нь.

МАН "сарын" сайдын дараагийн томилгоог яаравчилан хийж, Т.Аюурсайханыг хуулийн дагуу 14 хоногийн дотор томилон Засгийн газарт оруулсан байтлаа юуны учир Эрүүл мэндийн дэд сайдын томилгоон дээр ингэтлээ "шаналаад" байгаа хэрэг вэ. Үнэхээр эл суудалд ажиллах хэмжээний мэдлэг, ур чадвартай нэгэн төрд олдохгүй байна уу. Сүүлдээ Дэд сайдын суудлаа юуны "төлбөрт" өгөх гээд хадгалаад байна вэ гэх хардлага ч улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж эхэллээ.

Цар тахлын үед хамгийн их халаа, сэлгээ хийгдсэн нь ЭМЯ. Сайд, төрийн нарийнаас авхуулаад албан тушаалтнууд нь хэдэнтээ солигдож, яам дотоод засаглалынхаа хувьд тогтворгүй явж ирлээ. Тэр байтугай удирдах албан тушаалтнууд нь нэг бодлого дор нэгдэж, баг болж ажиллаж чадахгүйн дээр цар тахлын хүнд үед гурван тийшээ хараад суучихдаг, таарч тохирдоггүй байдал ч ажиглагдаж байв. Тиймээс сайдтайгаа улс төрийн хувьд ойлголцохгүй, дэмжихгүй, үйл ажиллагаагаа урагшлуулахгүй байгаа "толгой" удирдлагуудыг чөлөөлж ажлаа урагшлуулах эрх мэдлийг сайд нарт өөрсдөд нь олгомоор байна.

Эцэст нь гэж хэлэхэд, томилгоог хугацаанаас нь хэтрүүлж, хуулиа зөрчсөн үйлдэл гаргаж буй Засгийн газрын уг үйлдэл Үндсэн хуулийн цэц рүү хүртэл явах хэмжээнд очлоо. Энэ нь эргээд Засгийн газрынхаа үйл ажиллагааг доголдуулах асуудал руу чирж ч магадгүй юм.

Нислэгийн үеэр бие нь муудсан жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ
Нислэгийн үеэр бие нь муудсан жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ
 
ГССҮТ: Хоёр хоногт 44 хүн хальтирч унасны улмаас хүнд болон хөнгөн бэртэл авчээ
ГССҮТ: Хоёр хоногт 44 хүн хальтирч унасны улмаас хүнд болон хөнгөн бэртэл авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.