Нийслэлийн 9 дүүргийн нийт 13,2 сая м.кв гол гудамж, зам талбай, алслагдсан зам замын байгууламж, хорооллын доторх туслах замын цэвэрлэгээ үйлчилгээг тохижилт үйлчилгээний 17 компани, аж ахуйн нэгж, байгууллага хариуцдаг бөгөөд үүнээс 7,8 сая м.кв талбай бүхий гол гудамж, зам талбай, алслагдсан зам замын байгууламжийг Нийслэлийн Хот тохижилтын газар болон зарим дүүргийн ТҮК, хувийн хэвшлийн мэргэжлийн компаниуд, үлдсэн 5,4 сая м.кв талбай бүхий хорооллын доторх нарийн гудамж, туслах зам талбайг дүүргүүдийн ТҮК тус тус хариуцан ажиллаж байна.
Нийслэлийн 9 дүүргийн нийт Тохижилт үйлчилгээний компаниудад давс бодисны үлдэгдэл, нөөц бүрдүүлэлт 2022 оны 10-р сарын байдлаар нийт 2719 тонн давс, 2160 тонн бодис байна. Энэ жилийн тухайд Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс үүрэг болгосны дагуу зам талбайн цэвэрлэгээний байгууллагууд давс бодис цацах зориулалтын техник шинээр суурилуулж, тусгай зориулалтын авто машинуудыг худалдан авч үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.
2022 оны 10-р сарын 30-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан цаг агаарын мэдээллээр 10-р сарын 30-ны өдрийн 04:30 цагаас орж эхэлсэн цас цэвэрлэгээнд 08:00 цагийн байдлаар ХТГ болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудаас нийт 802 зам талбайн үйлчлэгч, 53 тусгай зориулалтын машин техниктэй хариуцсан автозам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд ажиллаж, 197,4тн давс, 53,6тн бодисны зарцуулалт хийгдээд байна. Зам, талбайн цас цэвэрлэгээний ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавин ажиллаж байна.