УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй Зайсан орчмын хотхонуудын усан хангамжийн төвлөрсөн системийн ажлын явцтай танилцлаа. Түүнтэй хамт Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ, хяналтын инженер Х.Энхбясгалан, Инж байгууламж ХХК-ийн захирал Б. Нямпил, Бумбод ХХК-ийн захирал Ц. Отгонбаатар, Бат комплект ХХК-ийн захирал Х. Цэрэнбат, Хан-Уул дүүргийн засаг даргын орлогч Б. Сайнбаяр нар хамт ажилласан байна.
2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж эхэлсэн тус ажил нь Зайсан орчмын бүх айлыг цэвэр устай холбох чухал ач холбогдолтой. Одоогоор усан сангийн барилгын ажил явагдаж байгаа бөгөөд шугам хоолойн ажил эхлэх зөвшөөрлийг Нийслэлийн автозамын хөгжлийн газраас олгохгүй байгаагаас барилгын явц удаашралтай байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Цаашид ажлын явцыг хурдасгахын тулд Нийслэлийн автозамын хөгжлийн газартай зөвшилцөж, шугам хоолойн ажил эхлэх хугацааг наашлуулах тал дээр анхаарч ажиллах болно" гэлээ.
Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй дэд бүтцийн чухал ач холбогдолтой ийм ажлуудад төрийн зарим захиргааны газруудаас зөвшөөрөл олгогдоогүйгээс ажлууд удааширч, цаашлаад он дамнаж байгаа нь тухайн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэхэд хүндрэл учруулж байна. Иймд төрийн байгууллагууд шат шатандаа хурдан шуурхай шийдвэр гаргаж, онц ач холбогдолтой хөрөнгө оруулалтын ажлуудад хүнд сурталгүй үйлчилгээ үзүүлэх шаардлагатай юм.