ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн "Улны айлууд" гэх үг олны эгдүүцлийг хүргэж байна. Тэрбээр өчигдөр Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр Манайх яамныхны хэлдгээр “Улны айл“ буюу ядуурлын түвшингээс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах хөтөлбөр хэрэгжүүлнэ. ХНХЯ-наас ядуурлыг бууруулах чиглэлд дараах ажлыг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд нэн ядуу 1500 өрхийг эхний ээлжид ядуурлаас гаргана. 18-55 насны иргэнд ур чадвар эзэмшүүлж, тухайн мэргэжлээрээ ажиллахад шаардагдах багаж тоног төхөөрөмжөөр хангаж, ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлж ажилтай орлоготой мэргэжилтэй болгоно. Энэ ажил арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ" хэмээсэн юм.
Тэгвэл түүнийг хүний эрхийн мэдрэмжгүй хандаж, ард иргэдээ доромжилсон хэмээн үзэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцруулах тушаал гаргасан хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Тэрбээр "ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн алдаатай хэлсэн үгийг Монголын ард түмэн маш их шүүмжилж байна. Тиймээс Монголын ард түмнээс уучлал хүсэж байна. Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн үйлдэл гаргасан. Тиймээс Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг огцруулах захирамж гаргасан. Мөн хариуцлагагүй, ёсзүйгүй үйлдэл гаргасан үйлдэлдээ Д.Сарангэрэл сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан. Түүнчлэн Ерөнхий сайд МАН-ын даргын албан тушаалыг хамтран хашдаг. Ингэхдээ Монгол Улсын төрд хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүстэй хариуцлагын гэрээ хийдэг. Энэ гэрээг сайд нар албан ёсоор томилогдсон өдөр үзэглэсэн. Тиймээс энэ гэрээний дагуу улстөрийн хариуцлагын асуудал мөн яригдаж чөлөөлөгдсөн. Дараагийн сайд томилогдтол ХНХЯ-ыг миний бие хариуцан ажиллана" хэмээлээ.