Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнгөрсөн даваа гаригт болж, хуралдаанаас "Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болно" гэсэн шинэчилсэн заалт нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Тодруулбал, Ерөнхий сайд танхимдаа хэдэн ч гишүүнийг сайдаар томилох боломжтой болж буй юм.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан ирэх даваа гаригт хуралдаж магадгүй байна.
Тэгвэл зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар ээлжит бус чуулган хуралдсан нөхцөлд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал хөндөгдөж болзошгүй байгаа гэнэ.
Учир нь түүнийг Дарханы замын тендертэй холбогдуулан шалгаж буй. Түүнийг шаардлага хангахгүй компаниудыг сонгон шалгаруулсан хэрэгт буруутгаж байгаа бөгөөд даваа гарагт Дарханы замын тендерийн асуудалд ЗТХЯ-ны зарим албан тушаалтнуудыг шалгаж, АТГ-аас нэгжлэг хийсэн. Нийт 30 гаруй объектод нэгжлэг хийсэн талаар АТГ-аас мэдээлсэн билээ.
Ийнхүү прокурорын байгууллагаас санал оруулж ирвэл Дарханы замтай холбоотойгоор Б.Энх-Амгалан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй болоод байна.
Л.Баяр