Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байна. Манай эрэгтэй, эмэгтэй багууд өчигдөр буюу 8-р сарын 3 нд зургаа дахь өргийн тоглолтуудаа хийлээ.
Тавдугаар өрөгт анхны ялагдлаа амссан манай эрэгтэй баг энэ удаад Мороккотой учраа таарлаа. Энэ удаагийн өрөгт их мастер С.Билгүүн өнжсөн ч Д.Батсүрэн, Г.Амартүвшин, Б.Гүндаваа, С.Ган-Эрдэнэ нар бүгд өрсөлдөгчөө буулган авч, 4-0 гэсэн харьцаатай ялалт байгуулав.
Ийнхүү манай эрэгтэй баг зургаан өргийн дараах байдлаар гурван хожил, хоёр тэнцээ, нэг хожигдолтой боллоо.
Харин манай эмэгтэй баг Норвегийн багтай оноолт таарсан. Энэ удаагийн тоглолтод их мастер А.Энхтуул өнжиж Нэгдүгээр ширээнд суусан Б.Баярмаа ялагдал хүлээсэн. Гэсэн хэдий ч Т.Мөнхзул тэнцэж, Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар ялалт байгуулснаар манай бүсгүйчүүд ээлжит ялалтаа авлаа. Ингэснээр тэд дөрвөн хожил, нэг тэнцээ, нэг хожигдолтой явна.
Өнөөдөр баг тамирчид амарч байгаа бөгөөд маргааш буюу 8-р сарын 5 ны өдөр долдугаар өргийн тоглолтууд эхлэх аж.