
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсоныхоо дараа Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулын газарт ажиллажээ.
Энэ үеэр тэрбээр Консулын газрын ажилтнуудад ёс зүй, сахилга, хариуцлагыг эрхэмлэн ажиллаж, үндэсний язгуур эрх ашгийг дээдлэхийг захисан байна. Мөн АНУ-д оршин суугаа монгол иргэдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, шаардлагатай төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, хөрөнгө оруулалт татах, Монголын түүх, хэл, соёл, зан заншил, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Монгол, Америкийн худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ АНУ-д амьдарч буй монгол иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэдэнд үзүүлэх консулын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх шаардлагатайг онцолсон байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Чикаго хотод Консулын газар нээх шийдвэр гаргаж, уг асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулж байжээ.
Монгол Улсын Чикаго дахь Консулын газар 2022 оны гуравдугаар сарын 9-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөг хүртэл 6000 гаруй иргэнд төрийн үйлчилгээ үзүүлээд байна. Тус консулын газар Иллинойс, Индиана, Висконсин, Миссури, Мичиган, Миннесота, Айова, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана, Өмнөд Дакота, Умард Дакота, Небраска, Канзас гэсэн 15 мужид оршин суудаг монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүлдэг. Одоогоор АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байгаагаас 20 гаруй мянга нь Чикаго хотод оршин суудаг байна.

Мөн Консулын газар Монгол, Америкийн худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх, эх орноо сурталчлан таниулах чиглэлээр иргэд, төрийн бус байгууллага, бизнесийн төлөөлөлтэй хамтран ажиллаж байна. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам Вашингтон хотод, Ерөнхий консулын газар Сан-Франциско хотод, НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгчийн газар Нью-Йорк хотод тус тус үйл ажиллагаа явуулдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!