
Өнгөрсөн лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтэрч байгаатай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, мөн баавгайг аюулгүй барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон.
Үүний хүрээнд 12 ширхэг зориулалтын унтуулгын бууг иж бүрэн тоноглолын хамт авахаар ажиллаж байна.
Энэ талаар БОУАӨЯ-аас дараах тодруулгыг өглөө. Тухайлбал, "Олон нийтэд яригдаж буй 32 сая төгрөг нь нэг ширхэг бууны үнэ биш. Үндсэн бууны үнэ 1700 евро. Харин иж бүрдэлд дуран, мөрлөгч, зай хэмжигч, хоёр төрлийн гол төмөр, хийн насос, CO₂ баллон, тариур цэнэглэгч, зориулалтын хайрцаг, хоёр төрлийн 200 тариур, 200 зүү зэрэг 16 төрлийн тоноглол, хэрэглэгдэхүүн болон тээвэрлэлт, холбогдох зардлууд багтаж байна. Энэ тоноглолыг зөвхөн суурьшлын бүсэд орж ирсэн баавгайд ашиглахгүй. Мазаалайн судалгаа, хүзүүвч зүүх, биологийн болон генетикийн сорьц авах, шилжүүлэн нутагшуулах, мөн бусад зэрлэг амьтны судалгаа, хамгаалал, аюулгүй байдлыг хангах ажилд цаашид тогтмол ашиглана. Өөрөөр хэлбэл, энэ нь нэг удаагийн “баавгайн буу” худалдан авалт бус, хүн болон зэрлэг амьтны аюулгүй байдлыг зэрэг хангах, судалгаа шинжилгээ хийхэд шаардлагатай мэргэжлийн иж бүрэн тоноглол юм. Зориулалтын бууг ашиглах мэргэжилтнүүдийг цагдаа болон холбогдох хүчний байгууллагын сургалтад хамруулна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!