Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.10.01/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 60.7 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар дэгийн дагуу товыг танилцуулах үеэр хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх талаар хөндсөн. Байнгын хороо уг асуудлыг хэлэлцүүлсэн болохыг хуралдаан даргалагч мэдээлэв.
Байнгын хороо үргэлжлүүлэн хуралдахдаа Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Тус дэд хороог УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Дам.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгажээ. Уг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул намрын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Мөн Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахтай холбогдуулан шинжээч томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. (Сонсголын талаарх дэлгэрэнгүйг эндээс)
Энэ үеэр асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар гаргалаа. Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдээс 11 нь дэмжиж, 52.4 хувийн саналаар хуралдаан хаалттай горимд шилжлээ. Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!