С.Эрдэнэбаатар: Анх тамирчин болоход аав, ээж “Туранхай дээрээ турлаа, боль“ гэж байсан ч би долоон сарын дараа анхны медалиа хүртсэн

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
4 минут 20 секунд

Багаасаа бие султайгаасаа болоод эргэн тойрондоо дутуу үнэлэгдэж өссөн ч тухайн байдлаас өөрийгөө авч гарахын тулд гүйж эхлээд, өдгөө 100 км-ийн тэмцээнд оролцох хэмжээний тамирчин болсон хэт холын марафон гүйлтийн спортын дэд мастер, С.Эрдэнэбаатартай ярилцлаа.

- Анх гүйж эхлэх сэдлийг хаанаас авсан бэ?

-ЕБС болон их сургуульд байхдаа эргэн тойрныхондоо дандаа дутуу үнэлэгддэг байсан. Ер нь багаасаа тийм мэдрэмжийг их авсан. Өмнө нь багаар хичээллэдэг сагс, волейбол зэрэг спортын сонирхолтой байсан ч ихэвчлэн сэлгээнд суудаг байв. Тэгээд удаан бодож, судалсны эцэст Монголд гүйлтийн спорт нээх сайн хөгжөөгүй бас миний нас яг тохирсон учир ГҮЙЛТИЙН ТАМИРЧИН болохоор шийдсэн.

-Гүйхийн хамгийн торгон мэдрэмж юу вэ?

-Сүүлийн үед залуучууд тамхи, архи зэрэг янз янзын хорт зуршилд автаж байгаа. Тиймэрхүү хэрэггүй зүйлд цаг, мөнгөө үрж байхын оронд гүйх нь эрүүл мэнд, санхүүд хэрэгтэй. Бас би гүйхээсээ өмнө аливаа зүйлд амархан шантардаг байсан. Харин 1.7 жил гүйсний дараах өөрийгөө анзаарахад илүү сахилга баттай, тууштай болсон байна.

-Энэ жил 50-100 км тэмцээнүүдэд орж яваа харагдсан?

-Би энэ жилээс хэт холын марафонд гүйхээр шийдээд бэлтгэл хийсээр "Хятадын Шиамен хот - 50 км" болон "Сэлэнгэ - 21 км"-т нэгдүгээр байр эзэлж "Бодонч - 100км"-т гуравт орсон.

-Марафонд оролцоход өмсөх хувцас, идэх хоолноос эхлээд зардал өндөр байдаг шүү дээ. Санхүүгээ яаж зохицуулдаг юм бэ?

-Би хувиараа хүргэлт хийгээд, бүх тэмцээнийнхээ бэлтгэл болон оролцох зардлаа зохицуулдаг.

-Тэмцээнд оролцоогүй үедээ хэр бэлтгэл хийдэг вэ?

-Гүйлтийн тамирчин тогтмол бэлтгэлтэй байх маш чухал. Долоо хоногийн зургаан өдөр 100-120 км гүйдэг.

-Аль хэдийнэ 100 км-ийн марафонд орсон байна шүү дээ. Цаашаа ямар амжилт гаргахыг зорьж байна?

-100 км-ийн марафон бол миний хувьд дөнгөж эхлэл. Дэлхийн аваргаас АЛТАН МЕДАЛЬ авахын төлөө уйгагүй гүйх болно.

- Холын замд гүйхэд шантрах үе гардаг уу?

-Тэмцээн бүр дээр шантрах, элдэв зүйл бодох үе бий. Миний тэмцээндээ баримталдаг ганц зарчим бол барианаас гарсан л бол заавал замаа дуусгах байдаг. Тиймээс яаж ч хэцүү санагдсан эргэн тойрноо ажиглах, хамт гүйж байгаа хүмүүстэйгээ ярилцах зэрэг олон арга ашиглаж байгаад бариандаа ордог. Би та нарт нэг нууцаа ярья. Би эхээс төрөөд дөнгөж 2-3 хоногтой байхдаа нарийн гэдэсний хагалгаанд орсон. Ер нь гуван нас хүртлээ ойр ойрхон хагалгаанд орж, байнга асаргаа шаарддаг хүүхэд байсан гэсэн. Тиймээс ээж намайг үргэлж харж, тойглодог байв. Энэ сул дорой байдлаас гарахын тулд ямар нэг спортын тамирчин болохыг хүссэн юм.

-Бие муутай хүүхэд нь тамирчин болоод тусдаа гарах үед аав, ээж нь юу гэсэн бэ?

-Тэд анх "Туранхай дээрээ турлаа, одоо боль" гээд нээх дэмждэггүй байсан. Тэгэхээр нь би "Надад зургаан сарын хугацаа өгчих, хэрвээ амжилт гаргахгүй бол би тамирчин болохгүй" гэж хэлээд 7 сарын дараа АНХНЫ МЕДАЛИА авч байсан. Тэрнээс хойш ээж хүртэл намайг дагаж гүйгээд хоёр сарын дотор 13 кг жин хассан юм.


О.Алуунгуа

“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн Кенийн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн Кенийн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
 
АН-ынхан “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу“ сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ
АН-ынхан “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу“ сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!