Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байна. Манай Улсын эрэгтэй, эмэгтэй багууд өчигдөр буюу 8 дугаар сарын 6 ны өдөр найм дахь өргийн тоглолтуудаа хийлээ.
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг наймдугаар өрөгт Японы багтай учраа таарч, ээлжит ялалтаа байгууллаа. Манай багаас Д.Батсүрэн, Б.Гүндаваа, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ нар ялалт байгуулснаар 4-0 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө буулган авав. Ингэснээр эрэгтэй баг дөрвөн хожил, хоёр тэнцээ, хоёр хожигдолтой нийт 10 оноотой 44 дүгээр байрт бичигдэж байна.
Мөн эмэгтэй баг өчигдөр Унгарын багтай тоглож ширүүхэн өрсөлдөөний эцэст манай баг 2.5-1.5 гэсэн харьцаатай ялалт байгууллаа. Манайхаас Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар ялалт байгуулж, А.Энхтуул тэнцэн Б.Баярмаа ялагдал хүлээжээ. Ийнхүү тэд найман өргийн дараах байдлаар 13 оноотой долдугаар байрт бичигдэж байгаа аж.
Эх сурвалж: Монголын шатрын холбоо