
Намрын сэрүүн өдөр Богдхан уулын орой цантсан, мод шаргалтсан үзэсгэлэнт дүр зураг харагдана. Аль ч улсад байдгийн жишгээр амьдралын чанар сайтай иргэдийн ойр орчмын тохижилт цэвэрхэн бас тухтай. Авто зам, дугуйн зам, алсаас харагдах ХАУС хороолол. Шаргалтан харагдах тохилог байшингуудын архан тал, Арцатын аманд амьтан дайжмаар ахин нэг бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Манай редакцад ХУД-ийн 23 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн "Арцатын аманд буюу дархан цаазат газар барилгын үйл ажиллагаа явуулж, зэрлэг амьтны амьдрах орчин, онгон байгалийг сүйтгэж байна" гэх мэдээллийн мөрөөр бид нөхцөлд байдлыг сурвалжиллаа.

Мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс нь гомдол мэдүүлж буй иргэн Ө.Элбэгбаяр, Д.Ану болон барилга барьж буй "Тэнгэр уулс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Цэрэнлхам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Хонгор нараас тал талын байр суурийг тодрууллаа.

Биднийг тухайн газар очихоос хэдхэн хормын өмнө Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас "Нумт гүрэн" аялал жуулчлалын цогцолборын үйл ажиллагаатай холбоотой нийтийн эрхийг зөрчсөн байж болзошгүй тул ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЖ, шалгаж байна гэх мэдэгдлийг цахим хуудаснаа нийтэлсэн байв.

Гэвч Арцатын аманд очиход уулын хөндийг сэндийлсэн барилгын ажил үргэлжилж байв...

Иргэн Ө.Элбэгбаяр: Энд "Нумт гүрэн" аялал жуулчлалын цогцолбор баригдаж байна. Захиалагч компани нь "Тэнгэр уулс" ХХК. Цагдаа болон бусад албаныхан үйл ажиллагааг зогсоох шаардлага өчигдөр болон өнөөдөр удаа дараа хүргүүлсээр байхад одоо хүртэл машин, техникүүд идэвхтэй ажиллаж байгааг та бид харж байна. Энэ онгон дагшин газарт ойр хавийн иргэд амарч, уулын өврөөр тарвага хүртэл тааваараа бэлчдэг байсан. Гэтэл энэ компани шүүхэд давж заалдаж, газрын зөвшөөрлөө авч, мөнгөнд нүдээ ухаад өгсөн мэт байгаль сүйтгэж, барилга барих нь хүн ёсноос гажуудсан асуудал. Мөн ойр хавийн замын ачаалал маш өндөр. Тиймээс энэ олон зуун зочин хүлээж авах цогцолбор баригдвал замын ачаалал бүр ихсэж, олон мянган айлын эрх ашиг хөндөгдөнө.

Иргэн Д.Ану: Засгийн газраас 2023 онд Богдхан уулын Дархан цаазат газарт нэмж газрын зөвшөөрөл олгохгүй гэх тогтоол гаргасан. Гэтэл энэ хүмүүс 2023 оноос өмнө зөвшөөрлөө аваад барилга нь баригдсан хотхоны оршин суугчидтай барьцаж "Та нар ч бас дархан цаазат газар барилга бариад амьдарч байж, бид яагаад болохгүй юм" гэх шалтгаанаар үлдсэн ганц онгон тагшин, амрах газрыг маань сүйтгэж байна. Эднийх зөвшөөрлөө 2025 онд авсан нь хууль зөрчиж, албан тушаалтнуудыг хахуульдсаны шинж. Хамгийн сэтгэл эмзэглэж буй зүйл нь ичээндээ орох гэж байсан зэрлэг амьтдыг үргээж, заримыг нь "Хуу хамж", урсаж байсан горхи дээр шороо овоолж, урсгалыг хаасан явдал. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, хотын дарга Б.Пүрэвдавга нар бодит байдалтай танилцаж, иргэдийнхээ эрх ашгийг хангаасай гэж хүсэж байна.

"Тэнгэр уулс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Цэрэнлхам: Бид 2019 оноос "Нумт Гүрэн" гэх аялал жуулчлалын цогцолбор байгуулж үйл ажиллагаа явуулж буй. Гадаад жуулчдыг хүлээн авч, өргөтгөл хийх зорилгоор хууль ёсны дагуу зураг төсөл, бичиг баримтаа бүрдүүлж, тэр хавьд амьдарч байсан НАЙМАН ТАРВАГЫГ албаныхантай хамтарч, шилжүүлсэн. Нэр бүхий иргэдийн хэлсэнчлэн уулын амнаас урсаж буй булгийг шороогоор булаагүй.

Би цэцэрлэгч мэргэжилтэй, жирийн нэг бизнес хийх гэж зүтгэж яваа эмэгтэй. Бүхэл бүтэн найман сар хөөцөлдөж, бичиг баримтаа бүрдүүлж, зээл авч, бизнесээ босгох гэж өдөр бүр зээлийн хүү төлж, эрсдэлээ үүрч явна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд бичиг баримтуудаа шалгуулж, 4.5 га газрын 1-2 га талбайд барилга барих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Гэтэл "Green Hills" хотхоны оршин суугчид намайг удаа дараа гүтгэж буй. Найман удаа "Үйл ажиллагаагаа зогсоохгүй бол ална шүү" гэх заналхийлэл авлаа. Хэзээ нэг өдөр би үхвэл үүний ард нэр бүхийн иргэд байгаа шүү. Би өнөөдрөөс өөртөө хувийн хамгаалалт авч, цагдаад гомдол гаргана. Нэр төрөө сэргээлгэх болно.

Эцсийн эцэст отголох байрны зориулалтаар дархан газар зөвшөөрөл авчихаад ХАУС бариад амьдарч байгаа хүмүүс энэ уулын амаар нэг байна.
Гэтэл яагаад жирийн нэг эмэгтэй бизнес хийх гэхээр ингэж аймшигтай гүтгэж, гутаан доромжилж, заналхийлж байгаа юм бэ. Намайг өнөөдөр үйл ажиллагаагаа зогсоо гэхээр нь би бичиг баримтаа авч очоод, гурван цаг шалгуулчихаад явж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Хонгор: "Тэнгэр уулс" ХХК өмнө нь Залаатын аманд газар ашиглах эрх авсан байж байгаад шүүхийн шийдвэрийн дагуу дүйцүүлж 2025.05.03-ны 353-р тушаалаар Арцатын аманд газар ашиглах эрх авсан байна. Манайхаас 2023 оноос хойш Богдхан уулын дархан газар шинэ газрын зөвшөөрөл олгоогүй. Загвар, зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг төрийн захиргааны бүх бичиг баримт асуудалгүй. Энэ асуудал дээр иргэдийн зүгээс санал, гомдол их ирж буй. Тиймээс Нарийвчилсан үнэлгээний тухай хуулийн 6.6.9 дэх заалтын дагуу "Арга хэмжээг хэрэгжүүлэн, дүүргийн иргэд, засаг даргад танилцуулах арга хэмжээг зохион байгуулах"-ыг үүрэгдэж, үйл ажиллагааг түр зогсоох мэдэгдлийг тухайн компанид хүргүүллээ. Хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Бид нөхцөл байдалд тааруулан цаашдын шийдвэрээ гаргаж, иргэдэд мэдэгдэл хүргэх болно.

UBN.MN сайтын сурвалжлах баг иргэдийн гомдол саналын дагуу мэдээллийн мөрөөр сурвалжлахад үйл ажиллагаа зогсоогүй, уулын хөндийг сэндийчсэн хэвээр байсан ч тухайн компани шүүхийн шийдвэрийн дагуу зөвшөөрлөө авсан байсныг албаныхан баталлаа. Амрах газраа булаалгаж буй иргэдийн буруу, эсвэл амьдрах гэж барилга барьсан эмэгтэйн буруу эсэхийг хэн ч хэлж таашгүй нь. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол бид няцаах эрхгүй, хуулиа л дагана. Гэхдээ яах гэж анхнаасаа ариун уулын аманд барилга ч бай, амралтын газар ч бай барих зөвшөөрөл олгосон юм бэ гэх асуултыг үе үеийн хотын дарга, дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхнаас асуумаар. Төлөвлөөгүй төрийн шийдвэр, зохион байгуулалтгүй бодлогоос болж энэ мэт зөрчил үүсэх нь жилийн жилд олширч, сөхөгдөж, мартагдсаар бид бүр дөжирчээ. Эцсийн эцэст энэ асуудалд НАЙМАН ТАРВАГА л хохироод дуусах шив дээ.
О.Алуунгуа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!