СУРВАЛЖИЛГА: Хөвчийн хүрэн баавгайг “УНТУУЛСАН“ хачирхалтай шөнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 48 секунд

Хустайн нуруу байгалийг цогцолборт газар "Баавгай орж ирлээ" гэх мэдээллийн дагуу UBN.MN сурвалжлах баг тухайн амьтныг унтуулж, онгон байгаль руу нь зөөвөрлөх үйл явцыг газар дээрээс нь сурвалжиллаа.


Баавгай хүний хэл мэдэхгүй учир боль гэхээр суурин газар луу орж ирэхээ зогсоохгүй. Нутгийн малчин өглөө 08:30 цагийн орчимд баавгай үзэгдлээ гэх мэдээллийг өгснөөс хойш Хустайн нуруун байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан болон бусад албаныхан баавгайд тарвас, ус зэргийг өгч тайвшруулан, тогтоон барьсаар байв.


Уг нь хустайн нуруу орчим хушин ой байхгүй, алс газраас "Хорхойтож" яваа амьтан бололтой. Аргаа барсандаа л энд ирж дээ...

Байгаль хамгаалагч Ц.Лхавгадорж: Манай энэ хавьд өмнө нь баавгай огт харагдаж байгаагүй. Дан хусан ойтой газар шүүдээ. Төв аймгийн Батсүмбэр сумаас дайжиж ирсэн байх магадлал маш өндөр. Амьтныг аль болох тайван байлгаж, энэ хавьд тогтоож байгаад судлаачид ирж, унтуулахыг хүлээж байлаа.

Баавгайн араншин эхлээд их ширүүн, дайрч байсан. Тарвас, алим, үхрийн мах өгсний дараа зөөлөрсөн. Ер нь хүний суурин газар луу баавгай орж ирэх тохиолдол элбэгшиж буй нь идэш тэжээлийн хомсдол, эхээсээ төөрсөн байх магадлалтай гэж үзэж байна.

Би байгаль хамгаалагчаар 23 жил ажиллаж байна. Хүмүүс зэрлэг амьтан харсан үедээ тайван байж, аюулгүй байдлаа хангаж, мэргэжлийн хүмүүст дуудлага мэдээллээ өгөх хэрэгтэй.

Тал газар барьсан тариалангийн төмөр торон хашааны нөмөрт бөндгөс бөндгөс бүлтийж, чих нь цухуйн, эхээсээ салсан уу гэмээр бяцхан амьтан хажуудах хүмүүстэй дассан мэт машины чимээнээс үргэлгүй хэвтэж байв.

- Улаанбаатар хотоос яаралтай дуудлагаар малын их эмч Ж.Гэрэлцэцэг, мазаалай судлаач А.Баясгалан тэргүүтэй мэргэжлийн хүмүүс баавгайн унтуулгын буутайгаа тус газрыг зорив -

Энэ үйл явдал манай улс зэрлэг амьтны судалгаа, шинжилгээ болон тус салбарын хүний нөөцөд анхаарах хэрэгтэйг сануулж байна.

Манай улсад 2024, 2025 онд баавгайн тоо толгойг тогтоох судалгааны 300 сая төсвөөс хассан байсан. Үүнээс гадна судалгаа шинжилгээнд зарцуулах хэрэгтэй нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж байхгүй улмаас ГЭНЭТ БААВГАЙ орж ирэхэд бүгд тэвдэж, бугуйлдаж, ХАР АРГААР үзсээр байлаа.

Саяхан БОУАӨЯ-аас нөхцөл байдалтай холбогдуулан яаралтай 1 тэрбум төгрөгийг төсвөөс гаргуулан захиалсан 12 ширхэг унтуулгын бууг ашиглаж чадах мэргэжлийн хүн манай улсад 10 орчим байна.

ХБЦГ-ын хамгаалалтын газрын дарга П.Дашпүрэв: Манай Монгол орны хувьд хамгийн тулгамдаж буй асуудал бол зэрлэг амьтанд зориулсан нойрсуулах хүчтэй бодис, эм тариа байхгүй явдал. Яагаад гэвэл энэ төрлийн бодис манайд хилээр орж ирэх эмийн жагсаалтад байдаггүй. Зөвхөн баавгай гэлтгүй хулан, тахь, чоно, ирвэс зэрэг амьтдын судалгааг хийх гэхээр малын эмч, мэргэжлийн судлаач нь байгааг байгаад сумгүй буутай л адилхан болчхоод байна. Ер нь цаашдаа бид байнгын нөөцтэй байж, бэлэн байдалд байх хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө баавгай хүний амьд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр Хустайн байгалийн цогцолборт газар хоттой ойрхон тулдаа эмч, судлаач нараа яаралтай авчирч, зохих арга хэмжээг авч чадлаа. Цаашдаа 21 аймгийн хэмжээндээ бэлэн байх хэрэгтэйг энэ үйл явдал харуулж байна. Баавгайн тоо толгой өсөж, идэш хоол хомсодсонтой холбоотойгоор хүний суурин газарт ирж байна. Хан-Хэнтий дархан цаазат газраас баавгай ачих тор ирчихвэл амьтнаа унтуулаад, ачаад аваад явлаа.

Малын их эмч Ж.Гэрэлцэцэг унтуулгын бууны тунг найруулж байхдаа "Амьтны амьдын жингээс хамаарч тунг мэргэжлийн эмч мэдрэмжээрээ тааруулдаг. Ихдүүлбэл амьтан үхнэ, багадуулбал хүн бэртэх эрсдэлтэйг онцолж байв.

Малын их эмч Ж.Гэрэлтуяа: Баавгайд зориулсан тусгай тариа байдаг. Энэ тариа төв мэдрэлийн тогтолцоог түр дарангуйлж, мэдээ алдуулах үйлчилгээтэй тул амьтнаа 40 кг амьдын жинтэй гэж тооцоолоод, тохируулж найруулна. Тариа тарьснаас хойш доод тал нь 5 минутын дараа үйлчилж эхэлнэ. Дараа нь амьтан хөдөлгөөнтэй байвал бага хэмжээгээр нэмж тарина. Тунг нь хэтрүүлбэл үхэх аюултай, дутуудуулбал хүний амь эрсдэх аюултай. Харанхуй болсон тул гэрэл тусгаж байгаад, хүмүүстэй аюулгүй ажиллагааны заавар өгч, алсаас буудаж тарина.
Унтуулах буу нь бэлэн болсон ч баавгай тээвэрлэх торыг Хан-Хэнтийн байгалийн цогцолборт газраас авчрахыг 23:00 цаг хүртэл хүлээв. Байгаль хамгаалагч, биологич, бамбарууш нь хүртэл яахаа мэдэхгүй нам гүм, бие биеэ ажих шөнийн тэнгэрт түмэн од, тэргэл саран тодхон үзэгдэнэ.


Баавгай буудна гэдэг баргын хүний хийх ажил биш юм байна. Хүлээнэ, тогтооно, буугаа цэнэглэнэ, харанхуйд амийг нь эрсдүүлэхгүй ононо.

22:00 цагийн орчимд баавгай тариан хашааг тойрч зугтаав. Малын их эмч гурван удаа оролдсоны эцэст баавгайн бөгсөн тус газар онож, 5-10 минутын дотор амь тэмцэн гуйвж, дайвсаар бор нүдтэй хөвчийн бор хурхиран унтлаа.

Ахиж олдохгүй алтан боломжийг ашиглаж МУИС, ШУА-ийн биологийн лабораторийнхонд өгөхөөр үс, шүлс, цусны дээжийг ч бас авав. Учир нь баавгайг зориудаар барьж, шинжлэх ажлыг манай улсад төдийлөн хийх боломжгүй. Харин баавгай судлаачдад энэ үйл явдал олзуурхууштай хэрэг байлаа.


20-30 минутын дараа тарианы үйлчилгээ гарч, амьтан архирч, хөдөлж эхэлсэн бөгөөд төвөөс түүнийг ачих тор ирснээр ойн хүрэн зочноо оруулан, хөвч хангайд нь буцахаар торыг цагаан даавуугаар бүрхэж, байсан банана жимсээ өгсөөр алсын зэрэглээнд анивчих оддын зүг ачаад аваад явлаа.


Малын их эмч Ж.Гэрэлтуяа: Тариа шидэгч хийн буугаар тариагаа шидэж, гурав дахь удаагийн оролдлогоор амжилттай онолоо. Мэдээ алдуулсны дараа амин үзүүлэлтүүд буюу зүрхний цохилт, амьсгалын тоо, биеийн температур, судасны лугшилтыг нь шалгахад эрүүл байна. Яс арьс болтлоо тураагүй ч өлссөн байдалтай. Албаныхан том баавгайн тор авчирсан учир, салхи хааж, харанхуйлах зорилгоор торыг юмаар хучин, цаашаа тээвэрлэнэ.

О.Алуунгуа

П.Мөрөн Мароккогийн ралли-рейдийн ДАШТ-д дараалан 2-р байр эзэлж, 3-р үе шатанд 591 км зам туулна
П.Мөрөн Мароккогийн ралли-рейдийн ДАШТ-д дараалан 2-р байр эзэлж, 3-р үе шатанд 591 км зам туулна
 
Дээд лиг өнөөдөр 18 цагаас “SG Apes” болон “BCH Knights” багуудын тоглолтоор хөшгөө нээнэ
Дээд лиг өнөөдөр 18 цагаас “SG Apes” болон “BCH Knights” багуудын тоглолтоор хөшгөө нээнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!