А.Ариунзаяа: Шүүхэд хандвал Л.Энх-Амгалан намайг гүтгэж, доромжилсон нь тогтоогдох ч би хүний муу үзээд яах вэ гээд цагдаа, шүүхэд хандаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
29 минут 31 секунд

УИХ-ын гишүүн А.Ариунзаяатай цаг үеийн улс төр дагасан асуудлууд болон түүний боловсруулаад буй "Оршуулгын үйл ажиллагааны анхдагч хуулийн төсөл" зэрэг сэдвийн эргэн тойронд ярилцлаа.

-Улс төрийн үйл явцаас урьтаж асуух хэд хэдэн зүйл байна. Таны хувьд "Нээлттэй парламент" танхимд хоёр дахь удаагаа очиж ажилласан байсан. Сүүлд иргэдтэй уулзахад гол төлөв ямар асуудлуудыг хөндөж байснаас ярилцлагаа эхэлье?

-Төрийн аливаа бодлого шийдвэр иргэдийнхээ санал бодлыг сонсож, тэдний тулгамдсан асуудлыг шийдэхэд гол зорилго нь оршдог шүү дээ. "Нээлттэй парламент" гэх санаачилгын цаана УИХ-ын үйл ажиллагааг ил тод хүргэхээс гадна УИХ-ын гишүүд нь иргэддээ нээлттэй байх агуулга илүү томоор харагдах ёстой. УИХ-ын гишүүнтэй уулзах гэдэг нь иргэдийн хувьд тийм ч амар зүйл биш байлаа шүү дээ. Миний хувьд хоёр дахь удаагаа тус төвд ажиллалаа. УИХ-ын дарга тус танхимыг нээсний дараагаар би очиж ажиллаж байсан. Тус танхимд ажиллана гэх зар мэдээллийг нээлттэй тавьдаг. Намайг ХНХ-ын сайдаар ажиллаж байсан хүний хувьд, эмэгтэй гишүүний хувьд гол төлөв нийгмийн салбарын асуудлаа хөндөж орж ирэх иргэд их байлаа. Дийлэнх нь тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн гэрээний эрх зөрчигдсөн эсхүл хууль тогтоомжийн өөрчлөлтүүдтэй холбоотой асуудлаар уулзсан. Өнгөрөгч долоо хоногт л гэхэд 53 иргэн ирж уулзлаа.

-Таны ярианд дурдсанчлан тэтгэвэр, тэтгэмж, цалингийн нэмэгдэлтэй холбоотой асуудал иргэдийн анхаарлын төвд байна. Төсөв болон төсвийн тодотгол дээр ч энэ асуудал тусаж орж ирсэн байгаа. Хэр бодит тооцоололтой төсөв орж ирсэн гэж харж байна вэ?

-Төсвийн тодотгол бол заавал хийгээд байх зүйл биш шүү дээ. Тухайн жилийн төсвөө сайн батлаад, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаа нөхцөлд төсвийг тодотгох шаардлага байхгүй. Энэ жилийн төсвийн тодотголын хувьд хэд хэдэн онцгой нөхцөл байдал давхардаж үүсэж байгаа. Нэгдүгээрт, өнгөрсөн жилийн төсөв батлах үйл явц нэлээн хүнд байсан. Төсвийн хэлэлцүүлгийг улаан, ногоон лаазаар хийснийг олон нийтэд би байнга сануулдаг. Тухайн үед ЗГ-аас оруулж ирээгүй маш олон төсөл хөтөлбөрүүдийг нэмж оруулсан. Нөгөө талдаа боловсролын салбарт багшийн цалинг нэмэгдүүлнэ гэснийг багш, ажилчдын цалинг нэмнэ гэх шийдвэр болгон хувиргаснаас шийдвэр, төсөв хоёр нь зөрсөн. Үүнээс үүдэж төсвийн тодотголоо хийхгүй бол оны эцэст цалин, хөлсөө тавьж чадахгүй нөхцөлд хүрчихсэн. Мөн эмч нарын цалинг нэмэгдүүлэх улс төрийн амлалт өгсөнтэй холбоотойгоор ЭМДС-д төрөөс татаас өгч байж, цалинг нь олгох нөхцөл бүрдсэн. Түүнчлэн үнийн өсөлттэй холбоотой асуудал хамгийн хүндээр тавигдаж байна. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралын хувьд эхний ээлжинд ахмадуудад анхааръя гэж тодотголоо оруулж ирсэн. Ингэхдээ 11 дүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэйд суурь тэтгэврийг улсын төсвөөс олгоно гэж оруулж ирсэн байгаа. Улсын төсөв ч мөн адил хэлэлцэгдээд явж байгаа. Цаг хугацаандаа багтаад төсвийн тодотгол болон төсвөө батална.

Улсын төсвийн хувьд, баялгийн сандаа өөрчлөлт оруулъя гэж байгаа юм байна. Мөн маш их зөрүү үүсчихсэн байгаа төрийн албан хаагчдын цалингаа жигдрүүлэх бодлогыг тусгаж оруулж ирсэн. Тодотголоор эхний ээлжинд төрийн үйлчилгээний алба хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх, ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс бусад төрийн захиргаа болон алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх саналыг ЗГ оруулж ирсэн. Мөн тэтгэврийн зөрүүг арилгах шийдвэрийг ч оны эхнээс авч хэрэгжүүлэхээр тусгаж оруулж ирсэн байна.

-Төсвийн тодотголыг аравдугаар сарын 9-ний дотор амжиж батлахгүй бол 11 дүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрэхийг Төсвийн байнгын хорооны дарга хэлж байсан. Гэвч төсвийн тодотголын хэлэлцүүлэг байнгын хороон дээр хоёр ч долоо хоног удааширлаа шүү дээ. Амжиж баталж чадах болов уу?

-Бидэнд хоёр долоо хоногийн хугацаа байна. Энэ хугацаанд улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд намжих байх гэж харж байна. Гэхдээ энэ үйл явц хоёр талтай. Ардчилсан намын зүгээс тодорхой завсарлага авлаа. Залуу гишүүд болон миний хувьд улс төрийн эрхийнхээ төлөө эсэргүүцлээ илэрхийлсэн.

-Төрийн ажил вайбераар явдаг баймааргүй байна-

-Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд өрнөсөн улс төрийн үйл явц дээр нэг дүр нь та болоод явчихлаа. Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд хувьсах зардал тусгаж оруулж ирсэн гэх асуудлыг анх Х.Баасанжаргал гишүүн хөндсөн. Сүүлдээ Л.Энх-Амгалан сайдын мэдэгдлээс эхлээд та нэг дүр болчихсон. Энэ бүх үйл явцын цаана ямар улс төр өрнөв гэдэгт та хариулт өгөөч?

-Нэгдүгээрт, бид парламентын засаглалаа илүү төгөлдөржүүлэхийн төлөө хичээх ёстойг ойлгуулсан үйл явц боллоо гэж харж байна. Энэ үйл явц одоогоор хувь хүмүүс хоорондын асуудал мэт харагдаж байгаа боловч үүний цаана юу өрнөв, гишүүд юунд яагаад уурлаад байгаа юм бэ гэдэг нь алсдаа ойлгогдох байх. Бид ярихаас илүүтэй иргэд олон нийт, мэргэжлийн судлаачид анализ хийхэд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдах болов уу гэж бодож байна.

Ер нь асуудал яаж эхэлсэн юм бэ гэдэг асуулт урган гарч байна. УИХ-ын ээлжит чуулган эхлэхээс долоо хоногийн өмнө ээлжит бус чуулганыг зарлаж, улсын төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн. Байнгын хороодоор хэлэлцүүлэг үргэлжилж байх явцад буюу ӨБХ-ны хуралдааны үеэр "Гэрт ойр сургууль" хөтөлбөрийн хүрээнд тавигдаж орж ирсэн төсвийн асуудлыг Х.Баасанжаргал гишүүн хөндсөн. Би ӨБХ-ны гишүүн биш шүү дээ. Ингэхдээ Х.Баасанжаргал гишүүн тухайн 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулах юм бэ гэдэг задаргааг шаардсан. Үүнээс үүдэж нэг эксел файлын асуудал гарч эхэлснийг та бүхэн санаж байгаа байх. ӨБХ-ны вайбер группт референт н.Нямаа задаргаатай холбоотой тухайн эксел файлыг СЯ-наас ирүүлсэн мэдээлэл гэж хэлээд группт оруулсан. Тэр файл нь Сангийн яамнаас ирсэн үү гэвэл ирсэн. Сангийн яам тухайн файлыг Боловсролын яамнаас авсан уу гэвэл авсан. Одоо ийм ажлын файл байсан нь үнэн гэдгийг сайд нь хэлж байна шүү дээ. Ийм л солилцоо болсон байна. Гэтэл "Ямар сургуулиуд байгаа юм бэ" гэж асуусан гишүүн рүү зорилготой асуулт тавьсан гэж дайрч байна. Нөгөө талдаа эксел файлын солилцоо болсон эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад үнэнээр хариулсных нь төлөө О.Саранчулуун гишүүнийг хүртэл зохион байгуулалттай гэмт хэрэг хийсэн мэтээр гүтгэсэн. Эрдэмтэн, доктор худлаа хэлж чаддаггүй л хүн шүү дээ. Худлаа ярьж чаддаг хүн байна, чаддаггүй ч хүн байна. Асуулт асуусныхаа төлөө, үнэнийг хэлснийхээ төлөө монгол төрийн түгжил, хатиг хавдар муухайгаар хэлүүлсэн. Сүүлдээ энэ асуудлыг нэг, хоёр хүний асуудал ч биш. Засгийн газрыг унагаах гэсэн бүлэглэлийн үйлдэл болгоод явчихсан. Өөрөөр хэлбэл, ажлын файл байсан гэдгээ л тайлбарлахын оронд зохион байгуулалттай гэмт хэрэг мэт болгоод яриад явчихсанаас л бүх асуудал эхэлсэн. Огт хамааралгүй над руу хүртэл асуудлыг чиглүүлсэн.

Ер нь УИХ-ын гишүүн асуулт асуусныхаа төлөө ЗГ-ын гишүүнд гүтгүүлэх ёстой юу. Тэр уур уцаарыг нь үүрэх ёстой юу. Энэ үйл явцын араас ЗГ-ынхаа эсрэг дуугарсан гишүүнийг намаас хөөнө гэх зэргээр мэдэгдэл хийгээд эхэлсэн. Тэр болгонд парламентын ардчилал хаачив гэх асуулт гарч ирж байгаа юм.

Энэ үйл явц дээр төрийн албан хаагчдыг хохироохгүй. Төрийн албан хаагчид үнэнээ л хэлсэн. Ажлын файлаа хоорондоо солилцсон. Энэ бол бодит факт. Гарцаагүй үнэн. Гэтэл өөрөө энэ асуудлаа хариуцаж тайлбарлаж чадахгүйдээ бухимдаж, гэнэт цочиж асуудлыг улам томруулчихлаа. Тэгвэл бид ямар сургамж авах ёстой вэ. Төсөв бол зөвхөн УИХ-ын гишүүд гэлтгүй иргэд олон нийтэд нээлттэй байх ёстой. Тодорхой хөтөлбөр, арга хэмжээний ард юу байдаг вэ гэдгийг ч мэдэх ёстой. Зөвхөн бүхэл тоо тавиад оруулж ирдэг биш түүний цаана юу байна вэ гэх задаргааг хүртэл нээлттэй ирүүлдэг байх хэрэгтэй байна. Төрийн ажил вайбераар явдаг баймааргүй байна. Аливаа асуудалд ямар нэг байдлаар бусдыг гүтгэж, өөрөө уснаас хуурай гардаг асуудал замбараагаа алдсан. Ар араасаа хөвөрсөн худал мэдээллүүд нь өмнөх яригдаж байсан үнэнийг нотолж гаргаж ирээд байгаа юм. Миний нүдээр, парламентын шинэ үе гэж хэлж болох жагсаалтын гишүүд бол юм уншиж, судалж, ойлгодог, олж харсан алдаа дутагдлаа зоригтойгоор засахын төлөө явдаг хүмүүс гэж харагддаг. Энэ утгаараа шинэ залуу гишүүд олон болж, жагсаалтын гишүүдийг улам дэмжиж пропорционал тогтолцоогоо бэхжүүлэх учиртай. Гэтэл үнэнийг илчилснийх нь төлөө гүтгэгдэж, доромжлогдоод тэр бүү хэл "Жагсаалтын гишүүд дэмий юм байна" гэдэг агуулгыг хөндөөд байгаа учраас улс төрийн эсэргүүцлээ илэрхийлсэн.

-Одоо бидэнд үлдсэн нэг л асуулт байна. Түгжил нь хэн юм бэ?

-Би Л.Энх-Амгалан сайдыг хэн түгжил гэж хэн загнасан бэ гэдгийг мэднэ. Гэхдээ үүнийг нийтэд зарлахгүй. Энэ бол тухайн хүмүүсийн хооронд болсон асуудал. Тэглээ гээд хэн нэг хүн түгжил болчихгүй. Нэгнийгээ гутааж доромжлох асуудал хэрээс хэтэрсний л нэг жишээ. УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг ч ярих цаг болсон. Эцсийн эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдтэй холбоотой хуулийн төслийг санаачлах болсон бэ гэдгийг ч бид эргээд бодох хэрэгтэй. Өнөөдөр УИХ-ын гишүүд нэгнээ гүтгэж доромжилсныхоо төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Үүнийгээ үг хэлэх эрх чөлөө, хардах эрх гэдгээр хаацайлдаг. Ингэх тусам яаж бусдаас ёс зүй нэхэх юм. Хүүхдүүд ч биш УИХ-ын гишүүд нь Төрийн ордон дотроо "зодолдоод" явж байхад хэнээс ёс зүй нэхэх юм. Үлгэр жишээ байх ёстой биз дээ. Өөрөөсөө нэхээгүй ёс зүйг бусдаас нэхэхэд хүнд.

Ганцхан жилийн өмнө чуулганыхаа ирцийг хүргэх гээд зовоод л сууж байлаа шүү дээ. Тэгвэл ямар тохиолдолд чуулганыг тасалсанд тооцох вэ. УИХ-ын тухай хууль болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар чуулганы хуралдаан эхэлж, хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй гишүүдэд хариуцлага тооцдог. Бид нэг удаа Х.Баттулга гишүүнд л 6 сарын хугацаанд цалингийн 20 хувийг нь хасах хариуцлагыг ногдуулж байсан. Учир нь УИХ-ын тухай хууль болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, Ёс зүйн дүрэмд зааснаар чуулганы хуралдаандаа хүндэтгэх шалтгаангүйгээр 40-өөс дээш цаг тасалсан гэж үзсэн. Өнгөрсөн жилийн хувьд 40-өөс дээш цаг хүндэтгэх шалтгаангүйгээр чуулгандаа оролцоогүй 7-8 гишүүн бий. Тэдний асуудлыг огт ярилцаж, хэлэлцээгүй байгаа. Үүнийг өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэх ёстой байсан боловч хэлэлцээгүй. Энэ утгаараа би ч бас чуулганы хуралдаан дээр АН-ын зарим гишүүдийг чуулгандаа суугаач ээ гэж хэлсэн. Өөрсдөө чуулгандаа суухгүй мөртлөө "Ард түмнээ бод. Чуулгандаа суу" гээд байгаа нь хууль, ёс зүй хоёр нүүртэй байж болохгүй гэдгийг л харуулаад байгаа юм. Бид төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслөө цаг хугацаанд нь батална. Батлахдаа чин үнэнчээр, ард түмнийхээ төлөө асуултаа асууж дуугарч болж байна уу гэх асуултын хариултыг авахын төлөө хоёр долоо хоног дотоод мэтгэлцээн өрнүүлсэн. Ер нь эцэс сүүлдээ Засгийн газар УИХ-ынхаа дээр юм уу, УИХ ЗГ-ынхаа дээр байх ёстой юм уу гэдэг асуулт тавигдахад хүрч байгаа юм.

-Л.Энх-Амгалан сайдыг мэдэгдэл хийсний дараахан та нэр төрөө цэвэрлэхээр Ёс зүйн дэд хороонд хандана гэж байсан. Албан ёсоор хандсан уу?

-Хандсан.

-Хуулийн байгууллагад хандсан зүйл бий юу?

-Тухайн долоо хоногийн Даваа гарагт бүлгийн хурал хуралдах ёстой байсан боловч хуралдаагүй. Үдээс хойш чуулгантай байсан юм. Гэтэл үдээс өмнө Л.Энх-Амгалан сайд гарч ирснээ гэнэтхэн мэдэгдэл хийсэн учраас цочирдож хүлээж авсан. Огт хамаагүй асуудалдаа гүтгэгдэж, ёс зүйгүйгээр доромжлуулсан учраас нэр төрөө цэвэрлэхийн тулд хандах ёстой байгууллагад нь хандана гэдгээ мэдэгдэж байсан. Гэхдээ маргааш нь монгол хүний жудаг заагаад УИХ-ын дотоод хяналтын механизм буюу Ёс зүйн дэд хороонд албан ёсоор хандсан. Энэ асуудалд намайг гүтгэж доромжлохоос гадна 30-ын бүлэг гэж чиглүүлж, дараа дараагийн улс төрийн асуудлыг нь томруулчихсан. Гүтгэж, доромжилсон нь үнэн шүү дээ. Худал хэдий хурдан ч гэсэн үнэнд гүйцэгддэг л байхгүй юу даа. Би хэрэв шүүхэд хандвал Л.Энх-Амгалан сайдын намайг гүтгэж, доромжилсон нь тогтоогдоно. Энэ бол зөвхөн хардах эрх биш. Мань эр хуулийн хариуцлага хүлээхээр л байгаа юм. Гэхдээ би хүний мууг үзээд яах вэ дээ гэж бодоод цагдаа, шүүхэд хандаагүй. Миний хувьд Ёс зүйн дэд хороонд хандсан.

-Монгол эрийн жудагтай л бол Л.Энх-Амгалан уучлал гуйх ёстой. Ерөнхий сайдтай албаар муудалцуулж, уур уцаарыг нь өдөөж байгаа мэт л үйл явдал боллоо-

-30 талынхан Ерөнхий сайдтай хийсэн уулзалтынхаа үеэр Л.Энх-Амгалан сайдад уучлал гуйх шаардлагыг тавьсан гэж байсан. Гэхдээ Л.Амгалан сайд уучлал гуйхгүй гэдгээ мэдэгдчих шиг болно лээ?

-Монгол эрийн жудаг байгаа бол уучлал гуйх ёстой. Энд эмэгтэй гишүүд гэдэгтээ биш. Жагсаалтынхан, бүлэглэлийнхэн гэж цохож байгаад намын даргын эсрэг гэмт хэрэг үйлдсэн мэт асуудалд оруулаад байгаад дургүйцэж байгаа юм. Энэ үйл явцыг харахад, Н.Учрал Ерөнхий сайдтай албаар муудалцуулж, уур уцаарыг нь өдөөж байгаа мэт л үйл явдал боллоо. Иргэд олон нийт бүх үйл явцыг ойлгоод харж буй учраас одоо ч уучлалтаар яах вэ дээ. Гол нь парламентын засаглал гэдэг бол үгээ чөлөөтэй илэрхийлдэг байх, мэтгэлцдэг байх, УИХ нь ЗГ-таа хяналт тавьдаг байх тогтолцоо. Бас нэг ноцтой асуудал нь зарим УИХ-ын гишүүдийн амнаас УИХ тар гэдэг үг маш амархан унаж байна. Ирц бүрдэхгүй байгаа нь анх удаа үүсэж байгаа тохиолдол биш. Энэ анхных ч биш. Сүүлийнх ч биш байх. Парламентын засаглалтай байгаа нөхцөлд улс төрийн мэтгэлцээн өрнөсөөр л байх болно. Нэгэнт эхэлчихсэн байгаа чуулганд оролцохгүй, ирэхгүй байх нь харин өөр асуудал. Үүнийг ялгаж, салгах хэрэгтэй. Яаж ч бодсон Монгол Улсын тусгаар тогтнолыг барьж чадаж байгаа механизм бол парламент. Цаашид нэг хүний дохио, чиглүүлгээр байж хэзээ ч болохгүй. Олон ургалч бодол, олон өнгө байж, туршлагатай туршлагагүй ч бай олон гишүүн байж аливаа асуудлын үнэн мөн чанарыг гаргаж, авлига хулгай явахгүй байх нөхцөл бүрдэнэ.

-Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр Л.Энх-Амгалан сайдыг болон ТНБД Т.Ням-Очирыг огцруулах чөлөөлөхтэй холбоотой шаардлагыг тавьсан юм уу?

-Үгүй. Тийм зүйл огт яригдаагүй. Төрийн албан хаагчдад хариуцлага тооцож болохгүй. Тэд үнэнээ л хэлж, хоорондоо ажлын файлаа солилцсон нь үнэн. Судалгааны файл байсан нь үнэн. Уучлал гуйх ёстой гэдэг байр суурийг л илэрхийлсэн.

-Танай намын бүлэг дээрх эв нэгдлийн асуудал сүүлийн жил гаруйн хугацаанд үргэлжилж байна. Бүлгийн даргын зүгээс талцал хуваагдал байхгүй гэдгийг хэдэнтээ мэдэгдсэн ч нөхцөл байдал түүний хариултыг үгүйсгээд л байна. Та намын бүлэг дээрх эв нэгдлээ хэрхэн харж байгаа вэ?

-2024 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах ажиллагаа эхлэх үед анхны шинж тэмдэг нь илэрсэн. Тодорхой дүр зураг дээрээс харахад зохиолтой л явчихсан л даа. Манай Бага хурал дээр хүртэл сонин, сонин асуудлууд ч болсон. Түүнээс хойш дараагийн намын даргын суудалтай холбоотой улс төрийн өрсөлдөөн болж, талуудын хуваагдал бий болсон нь үнэн. Чуулганы ирц хүрэхгүй байх, улс төрийн хүнд нөхцөл байдлыг бид даван туулсан. Н.Учрал даргыг хамтын сонголт, хамтын хариуцлагаар сонгосон. Энд ямар ч хуваагдал байхгүй. Гэтэл мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад албаар өдөөд байгаа юм шиг асуудлыг үүсгэсэн нь бодлоготой байсан уу гэдэг асуулт хүртэл гарч ирсэн. Битгий зохион байгуулалттай байгаасай л гэж хүсэж байна. Нөгөө талдаа ЗГ-ын дуугарсан хүнийг намаас хөөнө гэдэг нь үнэхээр ардчилал мөн үү гэдэгт эргэлзсэн. ЗГ-ынхаа эсрэг дуугаръя гэсэн бодол байгаагүй хүний хувьд цочирдож хүлээж авсан нь үнэн. Хоёр долоо хоногийн хугацаанд бүх л асуудал нь ил тод, нээлттэй боллоо шүү дээ. Хүний нэр төрийг гутаахад амархан. Эргээд чин үнэнийг илэрхийлсэн залруулга нь хүрэх үү үгүйтэй л байдаг гэдгийг л санах хэрэгтэй.

-Нийслэл дээр оршуулгын үйл ажиллагааг Хог хаягдлын газар хариуцаж байна. 70 давхар гэдэг ч юм уу бусад оршуулгын газруудыг хог гэж үзээд байгаа юм уу-

-Оршуулгын үйл ажиллагааны тухай анхдагч хуулийн төслийг та боловсруулаад байгаа. Гишүүдийн зүгээс ч тэр бүр барьж аваад байдаггүй эрх зүйн орчны асуудлыг та хөндөж, барьж авсан байна. Сүүлд Ерөнхийлөгч хууль хяналтын байгуулллага болон холбогдох салбарын сайд нартай хийсэн уулзалтынхаа үеэр Баян-Өлгий аймагт үүссэн асуудлууд тэр дундаа оршуулгатай холбоотой асуудалд эрх зүйн орчинд нь зохицуулалт хийх чиглэлийг өгсөн. Энэ утгаараа таны боловсруулсан хуулийн төсөл хэрхэх бол гэдэг хүлээлт байлаа?

-Энэхүү хууль нь Баян-Өлгий аймагт үүссэн асуудалтай холбоотойгоор боловсруулагдаж эхэлсэн асуудал байхгүй. Оршуулгын газартай холбоотой сэдэв нь ердөө хэсэг нь л байсан. Би М.Нарантуяа-Нара гишүүнтэй гишүүнтэй ийм асуудлыг талаар ярилцаж байсан нь үнэн. Энэ сэдэв нь өөрөө хөндөх ёстой сэдэв мөн үү гэвэл мөн. "Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчныг бий болгох" нийтийн өргөдөлд 100 мянган хүн нэгдсэн байгаа нь нийгэмд шаардлага байгааг харуулж байна. Оршуулгын үйл ажиллагааны тухай анхдагч хуулийн төсөл нь 2022 оноос хойш Оршуулгын зан үйлийн холбоо болон тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан дөрвөн ч гишүүнтэй хамтарч ажиллаж байсан юм билээ. Гэсэн хэдий ч 2024 он хүртэл цар тахал, эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалж хуулийн төсөл рүү төдийлөн анхаарал хандуулж орж чадаагүй юм билээ. Шинэ парламент 2024 онд байгуулагдсан. Иймд 2025 оноос хойш хуулийн төсөл дээр хамтарч ажиллах санаачилгад нэгдэж, өөрийн хувийн туршлага дээрээ үндэслээд ч эл хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой юм байна гэж үзсэн. Монгол Улсад оршуулгын эл ажиллагаа нь ямар ч зохицуулалтгүй юм уу гэхээр үгүй. Үүнийг бид ойлгох ёстой. 1950 онд хамгийн анх газарт оршуулж байх журмыг гаргаж байсан юм билээ. Тэр болтол тодорхой зохицуулалтгүйгээр ил тавих явдал нь ч их байсан юм билээ. 1950 оны зохицуулалт 1990 он хүртэл нэг бодлоготойгоор үргэлжилсэн. Харин үүнээс хойш тодорхой хэмжээнд орхигдоод, 2013 онд хотын төвд байгаа бидний ярьдгаар 70 давхрыг цэгцлэх шаардлагатай юм байна гэдэг тогтоол гарч байсан ч төдийлөн сайн хэрэгжээгүй. 2014 онд нийслэлийн журам гарсан ч басхүү хэрэгжээгүй. Одоогийн байдлаар оршуулгын үйл ажиллагаа явуулж байгаа 40 орчим ААН байгаа. Иймд эрх зүйн орчинг илүү сайжруулж, ААН-үүдэд тавигдах шаардлага, хяналт шалгалт, зөвшөөрөл зэрэгт хяналт тавих орчныг бий болгоход хуулийн зорилт оршино. Тодорхой хэмжээнд зохицуулалттай байх тал дээр нь анхаарсан. Нөгөөтээгүүр оршуулгатай холбоотойгоор мэдээллийн системийг бий болгох нь чухал байна. Яагаад энэ оршуулгын газрууд хаягдаад байгаа юм. Жишээлбэл, нийслэл дээр энэхүү оршуулгын үйл ажиллагааг Хог хаягдлын газар хариуцаж байна. 70 давхар гэдэг ч юм уу бусад оршуулгын газруудыг хог гэж үзээд байгаа юм уу гэдэг асуудал хүртэл урган гарч байна. Өөрөөр хэлбэл, энэ нь ямар ч зохицуулалтгүй байгаагийн нэг шинж. Энэ мэт иргэдийнхээ эрхийг хамгаалах асуудалд төр анхаарах ёстой гэдэг агуулгаар энэхүү хуулийн төсөл дээр ажиллалаа.

-Хуулийн төсөл дээрээ санал авахаар ЗГ руу явуулсан гэж байсан. Хариу санал ирсэн үү?

-Засгийн газраас хараахан санал ирээгүй байгаа. Dparliament дээр байршуулсан ба 3 мянга орчим хүн үзсэн байсан. Санал бодсоноос цөөн ирсэн. Хуулийн хэлэлцүүлгүүдээ хийсэн. Шүүх шинжилгээний газар саналаа сайн өгсөн.

-Оршуулга бол шашинтай холбоотой асуудал гэдэг утгаараа та хуулийн төслийн судалгааны явцад олон шашны төлөөллүүдтэй уулзсан болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь оршоохтой холбоотой шашны зан үйл нь эргээд төрийн зохицуулалттай хэрхэн мөргөлдөх вэ гэдэг асуудал байна?

-Дэлхий нийтийн чиг хандлага нь өөрөө илүү ногоон, эко тал руугаа орж байна. Мэдээж газар, хөрс дэлхий гэдэг маань өөрөө хязгаарлагдмал нөөц шүү дээ. Нөгөө талдаа амьд байгаа хүмүүсийнхэ эрүүл, аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй байна. Эх дэлхийгээ хайрлах ёстой байна. Энэ утгаараа зарим улс орнууд чандарлахыг хуулиараа тогтоогоод өгчихсөн байна. Шилжилт хийгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Гэтэл манай улсын хувьд зөвхөн чандарлахыг тулгаж чадахгүй. Гэхдээ заавал чандарлах өвчний жагсаалтыг ЭМЯ-ны журмаар батлах шаардлагатай. Үүнийг хуульд тусгаж байгаа.

Ил тавих асуудлыг бас нэлээдгүй ярих байх. Оршуулгын үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд ил тавих ажиллагааг явуулах ёсгүй. Ийм ажлыг зөвшөөрөлд нь оруулж болохгүй. Ил тавих гэдэг нь шарын шашныг дагаж манай улсад орж ирсэн гэдэг юм билээ. Төвдөд үүнтэй холбоотой олон талын зан үйл байдаг юм. Хээр гадаа явж байгаад босоод суучихсан хүнтэй таарсан гэдэг зүйл ч сонсогддог. Гэхдээ одоо цагт ийм зан үйл байж болохгүй шүү дээ. Тийм зүйлтэй хүүхэд тааралдаад галзуурвал яах уу. Энэ чинь манай өв уламжлал юм аа гээд байлгаж болохгүй биз дээ. Хүн амын суурьшил тэлж буйтай холбоотойгоор зэрлэг ан амьтад ч дайждаг шүү дээ. Энэ мэтчилэн асуудлууд их байна. Сэдэв нь өөрөө тийм ч нээлттэй яриад байдаг сэдэв биш. Гэхдээ энэ асуудлыг заавал зохицуулах ёстой. Ерөнхийлөгчийн зүгээс ч оршуулгын үйл ажиллагаатай холбоотой энэ асуудалд эрх зүйн орчныг нь сайжруулах чиглэлийг өгсөн байсан. Тэгэхээр миний хувьд хуулийн төслийг ЗГ-т хүргүүлсэн байгаа. Саналаа өгөхгүй байвал хуулийн хугацаандаа УИХ-д өргөн барина.

Ярилцсанд баярлалаа

У.Хүрэлсүх: Монгол иргэдийнхээ эрх ашгийг цаг алдалгүй хамгаалах хэрэгтэй
У.Хүрэлсүх: Монгол иргэдийнхээ эрх ашгийг цаг алдалгүй хамгаалах хэрэгтэй
 
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн Шатрын Олимпиадад VII байранд шалгарлаа
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн Шатрын Олимпиадад VII байранд шалгарлаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!