
“Бид өртэй биш тэтгэлэгтэй” хэмээн дуу хоолойгоо нэгтгэн МУБИС-ийн багш мэргэжлийн тэтгэлгээр суралцагч оюутнууд өчигдөр төв сургуулиасаа Боловсролын зээлийн сангийн байр хүртэл хоёр эгнээ болон тайван замаар жагслаа.
Тэднийг хараад залуучуудын зохион байгуулсан тайван жагсаал ийм л байдаг байх гэж харагдана. Тэдний жагсаал хийж буй шалтгаан ч мөн ялгаагүй ирээдүйнхээ төлөө хийж буй бодитой алхам байв. Учир тэд багш мэргэжлээр сурдаг оюутнууд.
2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Засгийн газрын 103 дугаар тоот тогтоолоор “Багш, багш мэргэжлээр суралцагчдад төрөөс дэмжлэг үзүүлэх журам батлагдсан. Тэр журмаар бакалаврт суралцаж байгаа оюутан тодорхой шалгуур хангавал тэтгэлэг авах эрхтэй болсон. Жишээ нь суралцагчдын голч дүн 2,7-оос доошгүй байх шаардлагатай.
Улмаар хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрөөр 2024 онд 6270 оюутанд 11,8 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон бол 2025 онд 13,065 оюутанд 28,4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх мэдээлэл байна.
-Шалгуур хангасан ч өнгөрсөн хаврын тэтгэлгээ авч чадаагүй оюутнууд жагсав-

Гэтэл өчигдрөөс эхэлсэн энэхүү тайван жагсаалын шалгаан нь тэтгэлэгтээ хамрагдаад бүхий л шаардлагаа хангасан атал өнгөрсөн хичээлийн жилийн хаврын тэтгэлэг одоог хүртэл сургуулийн дансанд ороогүй. Үүгээр ч зогсохгүй тус сургуулийн захиргаанаас энэ 11 дүгээр сарын 2-ны дотор нөхөн төлөхийг шаардсан.
Өөрөөр хэлбэл, БЗС-ээс тэтгэлгийн мөнгө сургуулийн дансанд ороогүйгээс үүдэн оюутнууд гэнэтийн байдлаар өөрсдөө сарын дотор төлбөрөө төлөх шаардлагатай болжээ. Энэ мэдээллийг авсан даруйдаа тэд жагсаал зохион байгуулж БЗС-гаас хариуцлага нэхэж байгаа нь энэ.
-Манай аав миний сургалтын төлбөрийн зээл авч төлсөн-

Ингээд бид жагсаалд оролцож буй 1000 гаруй оюутны төлөөллөөс байр суурийг нь тодруулахад Тэтгэлэгт хамрагдсан оюутан "Ойролцоогоор бид 6 сая гаруй төгрөг төлөх болчихоод байна. Энэ нь тэтгэлэг гэдэг нэртэй ч үнэгүй юм биш. Бид өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр голч оноогоо хангаад сурч байхад "Үнэгүй сурч байна" гэх асуудлыг 30,40,50 насныхан шүүмжлээд байна.
Дахин хэлэхэд үнэгүй зүйл огтхон ч биш. БЗС-тай гэрээ байгуулсан. Ингэхдээ бүр төгсөөд 3-5 жил ажиллах нөхцөлтэйгөөр, мөн голч оноогоо 2,7-оос дээш байлгах гэх шаардлагыг хангаад хамрагдсан. Гэрээний заалтад оюутан голчоо хангаагүй, эсхүл өөр мэргэжлээр сурсан, төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй тохиолдолд төлбөрийг буцааж авна гэж заасан байгаа.
Бид алийг нь ч зөрчөөгүй. Гэтэл БЗС яагаад гэрээгээ зөрчөөд байгаа юм.
Бид өнгөрсөн намрын төлбөрөө өөрсдөө хийсэн. Одоо дахиад 6 сая орчим төгрөг төлнө гэдэг мэдэгдэл хүнд цохилт болж байна.
Манай аав миний сургалтын төлбөрийг зээл авч төлсөн. Одоо БЗС-гаас тэтгэлэг орж ирэхгүй бол дахиад л зээл авна. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэдэг шиг л юм болж байна Тэртэй тэргүй бид өрнөөс өрний хооронд амьдардаг шүү дээ” гэв.
Жагсаалд ирсэн оюутан залуус Боловсролын яамд шаардах бичиг хүргүүлж бодитой үр дүнд хүрэх хүртлээ жагсахаа жагсаалын үеэр хэлж байлаа. 1000 гаруй оюутан үзэл бодлоо илэрхийлж байгаа гэхэд нэг ч эмх замбараагүй байдал үүсэхгүй тайван замаар жагсав. Тэд БЗС-гийн байрны гадаа ирж холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл өгөхийг шаардаж байсан юм.
-Л.Базардариа: Хяналтын тооноос давсан ч шалгуур хангасан оюутнуудын тэтгэлэг олгогдоогүй-

Тэгвэл эсэргүүцлээ илэрхийлж буй оюутнууд тус байрлалд ирснээс хойш цагийн дараа БЗС-гийн Дотоод тэтгэлэг, зээлийн хэлтсийн дарга Л.Базардариа мэдээлэл өгөв.
Тэрбээр "Хяналтын тоонд багтсан оюутнуудын тэтгэлгийг хавар олгосон бол хяналтын тооноос давсан боловч шалгуур хангасан оюутнуудын тэтгэлэг одоогоор олгогдоогүй байна. Төсвийн тодотголыг хүлээж байгаа. Төсөв батлагдмагц хяналт хийж, тэтгэлгийг олгоход бэлэн. Манайх зөвхөн гүйцэтгэгч байгууллага. Буцалтгүй тусламжийн тэтгэлэг, өөр бусад тэтгэлгүүдийг олгосон байгаа. Хэрэв төсөв батлагдахгүй бол дотоод тэтгэлгийн асуудал хэрхэн шийдэгдэхийг бид мэдэхгүй” гэсэн тайлбарыг өгөв.
-МУБИС-ийн оюутны зөвлөл: Энэ зөвхөн манай сургуулийн биш, улсын хэмжээнд яригдах асуудал-

БЗС-гаас мэдээлэл хийсний дараа жагсаалыг зохион байгуулж буй МУБИС-ийн оюутны зөвлөлийн тэргүүн ярихдаа "Ямар ч байсан албаны хүмүүс гарч ирж мэдээлэл өгсөн нь жагсаал маань үр дүнгээ өгч байна гэж харлаа. Гэхдээ энэ асуудал Боловсролын яам, Сангийн яам хамааралтай болж байх шиг байна.
Тэгэхээр холбогдох байгууллагууд ямар нэг хариуг даруй өгөх хэрэгтэй байна. Олон оюутан цаг хугацаагаараа хохироод байна шүү дээ. 2024 онд гэрээ хийсэн. Ингэхдээ энэ эрсдлийг тооцоолоогүй байна гэж байдаг юм болов уу. Бүхэл бүтэн улс шүү дээ.
Улсын хэмжээнд дор хаяж 5000- аас дээш оюутан багш мэргэжлээр тэтгэлэг авч суралцаж байгаа.
Ганцхан МУБИС-ийн хэмжээнд яригдаж байгаа асуудал биш, улсын хэмжээнд яригдаж байгаа асуудал. Статистик тоо баримтаар үндэслэн төсвөө баталдаггүй юм уу зэрэг олон асуулттай нүүр тулж байна. Бид ямар ч байсан ямар нэг үр дүнд хүртэл жагссаар байх болно гэдгээ албан ёсоор мэдэгдье” гэсэн юм.
-Л.Энх-Амгалан: Бүх багш мэргэжлээр суралцагчийг тэтгэлэгт хамруулах асуудлыг дахин харах хэрэгтэй-

Харин Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас эл асуудлыг тодруулахад: “Төсвөө л хурдан баталмаар байна. Тэтгэлгийн асуудалд одоогоор зохицуулалт хийж болох байх. Гэхдээ бүх багшийн мэргэжлээр сурч байгаа оюутнуудыг тэтгэлэгт хамруулна гэдэг асуудлыг дахиж харах хэрэгтэй.
Жишээ нь, биеийн тамир, зургийн багш нарын хомсдол арилчихсан. Харин байгалийн ухаан, бага ангийн багш нарын хомсдол их байна. Ямар хугацаанд тэтгэлэг зарлаад ямар хугацаанд дуусаж байна гэдгийг зөв шийдэхгүй бол тодорхойгүй хугацаагаар тэтгэлэг зарлахаар ийм нөхцөл байдал бүрдээд байна.
2012 онд ЭЕШ-ээр өндөр оноо авсан хүүхдийг багшаар сурвал төрөөс даах шийдвэр гарсны дараа 5000 хүүхэд суралцсан ч тэдний 2500 нь багшийн мэргэжлээр ажиллаагүй. Төрийн ийм хөтөлбөрүүдийг эхлэх, дуусах хугацаатай болгох шаардлагатай. Мөн БЗС-д ачаалал үүсэж байгаатай холбоотойгоор сангийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай” гэж хэлэв.
УИХ одоо хүртэл төсвийн тодотголоо баталж чадахгүй байгаа. Үүнээс үүдэж, БЗС-гийн тэтгэлэг зогсож, төсвийн тодотгол хийгдсэний дараа асуудлыг шийднэ гэдгийг албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид асуудлаа шийдэж чадахгүй хэрэлдэж байх зуур МУБИС-ийн оюутнууд хохирч байна.
-Оюутан Ц.Ариунтуяа: Ардын хүүхдүүд ийм л байна даа-

Жагсаалд оролцож буй оюутан Ц.Ариунтуяа “Та нарын төсвийн асуудал та нарын л асуудал. Анхнаасаа өгч чадахгүй байсан юм бол олон нийт дунд шуурч багш мэргэжлийг үнэгүйдүүлж байгаа мэт “үнэгүй сурна” гэдэг ойлголт өгсөн юм бэ.
Санхүүжилт ороогүйн улмаас оюутан залуус төлбөрөө хувиасаа төлөх нөхцөл байдал үүсээд байна. Тэгвэл энэ нь төлбөрийн өр биш, бидний өөрсдийн хичээж авсан тэтгэлэг.
Гэтэл төсөв байхгүй гэдэг ганцхан хариултыг өгч байна. Эцэстээ төсөв батлагдахгүй бол яах вэ, Жишээлбэл манай сургуулийн дийлэнх хувийн хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд эзэлдэг. Өнөөдрийн байдлаар “май” гээд халааснаасаа төлбөрөө гаргаад өгчихдөг бол өгчихмөөр л байна. Гэвч бидэнд алга.
Тэтгэлгээ авна гэж төлөвлөөд л гэр бүлээсээ зөрөөд багш мэргэжлийг сонгож орж ирсэн. Учир нь тэтгэлгийн шаардлага хангаж чадна, ар гэртээ төлбөрийн ачаалал үүсгэхгүй л гэж сонгосон. Харин энэ асуудлаас болоод ар гэрт маань гэнэтийн маш том санхүүгийн хүндрэл үүсээд байна. Тэгэхээр тэтгэлгээ л авмаар байна. Орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудын бодит үнэн нь хэдэн бог, бод малаа зараад сургалтын төлбөрөө төлдөг. Ардын хүүхдүүд ийм л байна даа” гэв.
-1000 гаруй оюутан ямар нэгэн эмх замбараагүй байдал үүсгэлгүй тайван жагслаа-

Тэнд цугларсан оюутан бүр өөрийн үзэл бодолдоо бат зогсож ямар нэг бодит үр дүнд хүртэл тайван жагсаалаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж байгаа. Өөр бусад жагсаалтай харьцуулахад хэн нэгний амгалан тайван байдлыг алдагдуулахгүй, асуудлынхаа гол руу хандаж байгаа нь бахархууштай, шинэ цаг ирж буйг илтгэж байлаа.
Залуусын энэ жагсаалд олон хүн санал бодлоо илэрхийлэв. Үүний нэг нь УИХ-ын гишүүн О.Батнайрамдал байв.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "БЗС оюутнуудтай байгуулсан гэрээгээ мөрдөх үүрэгтэй. Хүүхдээ дөрвөн жил тэтгэлгээр сургана гэж ойлгоод тайван явж байсан эцэг, эх одоо сургалтын төлбөрийг хэрхэн төлөх вэ гэх асуудалтай туллаа. Боловсролын зээлийн сантай холбоотой төсвийн тодотголд 13.6 тэрбум төгрөгийн хасалт орсон талаар ярьж, өнгөрсөн жилийн төсвийн тодотголоор уг сангаас мөнгө хасалгүйгээр ажиллаж байсан” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
-Тодотгол батлагдахыг хүлээсээр байх уу-

Өнөөдрийн нөхцөл байдлын гол зөрчил энд байна. Нэг талд нь төрийн бодлогоор багшийн мэргэжлийг дэмжиж, тэтгэлэг олгох тухай шийдвэр, оюутантай байгуулсан гэрээ, шалгуур хангаж суралцаж буй оюутнууд байна. Нөгөө талд нь батлагдсан төсөв, хяналтын тоо, төсвийн тодотгол хүлээж буй БЗС байна.
Харин энэ хоёрын дунд өнөөдөр сургалтын төлбөрөө төлөх шаардлагатай болсон оюутан хохирч байна. Тэгэхээр асуудлыг зөвхөн “тэтгэлэг олгох уу, үгүй юу” гэж харахаас илүү төр хэрэгжүүлэхээр шийдсэн бодлогынхоо санхүүгийн тооцооллыг урьдчилан хэрхэн хийсэн бэ, шаардлагатай хөрөнгийг жил бүрийн төсөвт хэрхэн баталгаажуулсан бэ, хяналтын тооноос давсан боловч шалгуур хангасан оюутнуудын санхүүжилтийг ямар эх үүсвэрээр шийдэх вэ гэдэг асуултаар тавих шаардлагатай болж байна.
-Төр багш бэлтгэхээр шийдсэн. Харин төлбөрийг нь хэн төлөх вэ-

Харин энэ бүхний эцэст оюутнуудын өнөөдрийн шаардлага энгийн. Тэтгэлэгт тэнцсэн бол тэтгэлгээ авъя. Төлбөр төлөх ёстой бол хэн, хэзээ, ямар мөнгөөр төлөхийг тодорхой болго. Учир нь оюутан төрийн бодлогын санхүүжилтийн эрсдэлийг өөрийн гэр бүлийн халааснаас нөхөх ёсгүй гэх байр суурийг илэрхийлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!