Төсвийн тодотголоор Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их засаг кинг” сургуульд “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд 3.5 тэрбум төгрөгийн төсөв хуваарилсан гэх мэдээлэл цацагдаж, хэсэгтээ л нийгэм, улс төрийн халуун сэдэв болсон. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ хувьсах зардал олгох сургуулиудын нэрсийг хэлэхдээ “Их засаг кинг” сургуулийг дурдсан ч энэ нь үнэн эсэх нь тодорхойгүй улстөрчдийн маргааны сэдэв болоод үлдсэн юм. Үүнээс хойш хэвлэлд ам нээгээгүй Т.Ням-Очиртой таарч, цөөн зүйлийг тодрууллаа.
-Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум төгрөгийн хувьсах зардал тавьсан асуудлын дараа байнгын хороон дээр дурдагдсан баримт нь худлаа, үнэн гэх маргаан дэгдэж, Ерөнхий сайд "Эксел файлаар намайг гүтгэж байна" гэж мэдэгдсэн. Тэр үнэхээр жинхэнэ баримт мөн юм уу?
-Би маш тодорхой зүйл хэлсэн шүү дээ. Төрийн, тэр дундаа улсын төсвийн мөнгөөр хувийн сургуулиудад тоног төхөөрөмж авч өгөх хууль эрх зүйн боломж байхгүй. Тиймээс эксел файл дээр байгаа болон нийгэмд сэвэгдсэн зүйл бол ор үндэсгүй гэж хэлмээр байна. Ер нь 1998 оноос хойш хувьсах зардлын тогтолцоо Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн. Шалгуур хангасан байгууллагууд материалаа ирүүлээд сургууль, цэцэрлэг байгуулах эрх нь нээлттэй. Энэ мэт байдлаар төрийн ачааллыг хуваалцаад, боловсролын системд сурагчдын тоо мэдээллээ оруулж байгаа бол төр тэдэнд хувьсах зардал олгох нь хуулийн хувьд нээлттэй.
-Өнгөрсөн долоо хоногт МАН-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдтай уулзах үеэр анх сургуулийн нэрийг дурдсан танд хариуцлага тооцох уу гэдэг асуудал хөндөгдсөн гэдэг. Танд дээд албан тушаалтнуудаас ямар нэг дарамт шахалт ирж, ажлаас чөлөөлөх асуудал хөндөгдсөн үү?
-Тийм юм байхгүй. Юу гэж тэгэх вэ дээ. Асуудлыг хиймлээр зохиогоод, мэдээ болгоход сошиалд ямар аймаар "бүүм" болж байгааг та бүхэн ч гэсэн анзаарах хэрэгтэй. Тийм учраас дээрх асуудал болоо ч үгүй, болох ч үгүй.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!