Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 16-ны ЗГ-ын хуралдаанаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж буйгаа тайлбарласан. Иймд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа гэсэн юм.
Улмаар түүний оронд ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилсон билээ. Тэгвэл шинэ ХЗДХ-ийн сайд өөрийн эрхэд хамаарах дөрвөн албан тушаалтны гурвыг нь сольжээ. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд нь ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хоёр дэд дарга, Дотоодын цэргийн штабын дарга нарыг бүрэн эрхийнхээ дагуу чөлөөлж, томилох эрхтэй аж.
ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганчулууныг эргүүлэн ТОМИЛОВ
С.Амарсайхан ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа буюу өнгөрсөн зургаадугаар сард бүрэн эрхийнхээ хүрээнд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Б.Ганчулууныг ТЦА-ны дарга болгон шилжүүлсэн байдаг. Б.Ганчулуун нь 2020 оноос хойш ЭЦА-ны даргаар ажилласан, 2023 оноос ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар, өнгөрсөн 2025 онд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байсан ч энэ оны зургаадугаар сард ТЦА-ны дарга болон 3 сар ажиллаж байгаад ийнхүү ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн тушаалаар эргээд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар буцаад ирсэн байна.
Тэрбээр АТГ-т мэдүүлсэн ХОМ-дээ
- Өөрийнх нь орлого: 40 сая
- Гэр бүлийн орлого: 12 сая
- Орон сууц: 2020 онд 295 сая, 2021 онд 410 сая, 2024 онд 1.2 тэрбум болжээ.
- Автомашин: 80 сая
- Мал: 77 сая
- Газар: 47 сая
- Үнэт эдлэл: 15 сая
- Авлага: 20 сая
- Зээл: 876 сая төгрөг гэжээ.
ЦЕГ-ын дэд дарга Б.Дэлгэрсайханыг эргүүлэн ТОМИЛОВ
ЦЕГ-ын дэд дарга Б.Дэлгэрсайхан ч эргэн томилогдов. Тодруулбал, одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхад ЦЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байсан бол С.Амарсайхан ХЗДХ-ийн сайдаар томилогдсоныхоо дараа 2026 оны зургаадугаар сард чөлөөлсөн байдаг. Тэгвэл шинээр томилогдсон ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн түүнийг гурван сарын дараа буцаан томилов.
Б.Дэлгэрсайханы ХОМ:
- Өөрийн орлого: 69.4 сая
- Гэр бүлийн орлого: 68 сая
- Хөрөнгө борлуулсны орлого: 20 сая
- Үл хөдлөх хөрөнгө: 504 сая /Нийтийн орон сууц-1, Хашаа байшин-2, Авто зогсоол-2/
- Автомашин: 28 сая /Toyota Prius-50/
- Газар: 70 сая /Өмчлөх-2, эзэмших-1/
- Хадгаламж: 17.1 сая
- Зээл: 217.3 сая
Хан-Уул дүүргийн цагдаагийн дарга Д.Дашнямыг дэд даргаар дэвшүүлэн томилов
Дараагийн дэд даргаар томилогдсон хүн бол Д.Дашням. Тэрбээр 2021 оноос хойш Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн болон газрын даргаар ажиллажээ. Д.Дашням нь эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны магистр бөгөөд цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байгаа аж.
Д.Дашнямын ХОМ:
- Өөрийн орлого: 63.9 сая
- Гэр бүлийн орлого: 249.9 сая
- Үл хөдлөх хөрөнгө: 1 тэрбум 55 сая төгрөг
- Автомашин: 95 сая төгрөг /Kia Kia Sportage Crossover-1, Toyota Harrier- 1/
- Мал: 17 сая /Үхэр-5, Адуу-6, Хонь-22/
- Газар: 98 сая төгрөг /Өмчлөх-1, эзэмших-2/
- Үнэт эдлэл: 51 сая төгрөг
- Хадгаламж: 10.9 сая төгрөг
- Авлага: 60 сая төгрөг
- Зээл: 513.6 сая төгрөг байна.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!