
Өглөө ажилдаа явахдаа, орой гэртээ харихдаа замын нэгдүгээр эгнээнд эгнэн зогссон автомашинтай таарах нь нийслэлчүүдийн хувьд бараг л хэвийн үзэгдэл болжээ. Хэн нэгнийг хүлээж байгаа, хүн буулгаж байгаа, хүргэлт хийх гэж байгаа, ачаа бараагаа зөөж байгаа гэх мэт шалтгаанаар жолооч нар “хэдхэн минут” гээд машинаа замын нэгдүгээр эгнээнд орхидог. Гэвч нэг жолоочийн хувьд хэдхэн минут үргэлжлэх энэ үйлдэл ард нь яваа хэдэн арван жолоочийн хөдөлгөөнд нөлөөлж, улмаар нэг эгнээнээс нөгөө эгнээнд шилжих хөдөлгөөн үүсгэн, тухайн хэсгийн ачааллыг нэмэгдүүлдэг.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 545 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 2026 оны хоёрдугаар сарын мэдээллээр өдөрт дунджаар 545,305 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, 10.8 сая орчим зөрчил бүртгэгдсэн байна.
Ийм хэмжээний хөдөлгөөнтэй хотод замын нэг эгнээг түр хугацаагаар эзлэх нь зөвхөн тухайн автомашины жолоочийн асуудал биш. Нэг автомашин хөдөлгөөний урсгал хааж зогсоход ард нь яваа машинууд тойрч гарах шаардлагатай болж, улмаар эгнээ солилцох, урсгал тасалдах нөхцөл үүсдэг.
-Зогсоол олдохгүй болохоор нэгдүгээр эгнээнд зогсдог-

Нэгдүгээр эгнээнд түр зогссон жолооч нараас яагаад машинаа тухайн хэсэгт байрлуулсныг тодруулахад зогсоолын хүрэлцээ, үйлчилгээний хэрэгцээ, хүн хүлээх зэрэг шалтгаан хэлж байв. Хүргэлтийн ажил хийдэг жолооч Д-ийн хувьд нэгдүгээр эгнээнд зогсох нь өдөр тутмын ажлынх нь нэг хэсэг болжээ.
Тэрбээр хүргэлтээ авах хүнээ хүлээж байхдаа машинаа түр зогсоосноо хэлээд, нэгдүгээр эгнээнд зогсож болохгүйг мэддэг ч зогсоолын асуудал жолооч нарыг ийм сонголт хийхэд хүргэдэг гэж тайлбарлав.
-Нэг машин зогсоход юу болдог вэ-

Замын нэгдүгээр эгнээнд нэг автомашин зогсоход ард яваа жолооч тухайн машиныг тойрч гарахын тулд дараагийн эгнээ рүү шилжинэ. Тэр эгнээнд мөн хөдөлгөөнтэй автомашинууд явж байгаа учраас нэг машин нөгөө урсгалд шахагдан орж, хурд саарах, эгнээ солих хөдөлгөөн нэмэгдэнэ. Ялангуяа уулзвар, автобусны буудал, явган хүний гарцын ойролцоо ийм нөхцөл үүсвэл хөдөлгөөний урсгал илүү хурдан саатах эрсдэлтэй.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамирын хэлснээр жолооч нар эгнээ хааж зогсох, буруу эгнээг эзлэх, уулзвар болон гарц хаах зэрэг зөрчил гаргаж байгаа нь хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэх шалтгаануудын нэг болдог аж.
Тэрбээр “Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар эгнээ хааж зогсох, эгнээ буруу эзлэх, уулзвар, гарц хаах зэрэг зөрчил гаргаснаар түгжрэл, хөдөлгөөний хэт их ачаалал үүсгэж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д бусдын хөдөлгөөнд саад учруулах газарт түр зогсохыг хориглодог. Ийм зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохоос гадна тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх арга хэмжээ авдаг” гэв. Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д бусдын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт түр зогсохыг хориглодог.
Жолооч нартай ярилцахад хамгийн түгээмэл хэлж буй шалтгаан нь зогсоолын асуудал байв. Үнэхээр зогсоол хүрэлцээгүй хэсэгт хүн машинаа тавих газар хайж, замын хажуугаар эргэлдэх нөхцөл үүсдэг. Гэхдээ зогсоолгүй байгаа нь зорчих хэсгийн хөдөлгөөний эгнээг өөрийн зогсоол мэт ашиглах үндэслэл болох уу гэдэг асуудал гарч ирнэ. Нөгөө талд нь жолооч нарын зөрчлийг хянах, замын хөдөлгөөний хэвийн урсгалыг хангах үүрэгтэй байгууллагуудын арга хэмжээний асуудал яригдана.
Үүний нэг нь автомашин зөөж шилжүүлэх буюу олны нэрлэдгээр “машин ачилт”. Хориглосон газар байрлуулсан автомашиныг зөөж шилжүүлэх үйлчилгээ иргэдийн дунд маргаан дагуулсаар ирсэн.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр хориглосон газар зогссон автомашиныг ачих үйлчилгээ нь тогтоолоор батлагдсан зорилгодоо нийцэж байгаа эсэхийг судалж, иргэдийн бухимдлыг бууруулах шаардлагатай талаар ярьсан.
-Ачилтыг зогсоовол эмх замбараагүй байдал нэмэгдэнэ-

Харин Чингэлтэй дүүргийн автомашин ачилтын ажилтан үүнийг өөр өнцгөөс тайлбарлав. Түүний хэлснээр жолооч нарт нэгдүгээр эгнээнд зогсохгүй байх талаар шаардлага тавьдаг ч зарим тохиолдолд жолооч машинаа хөдөлгөхгүй, “зогсоол байхгүй” гэх шалтгаан хэлдэг байна. Тэрбээр "Иргэд шаардлага тавихаар биелүүлдэггүй. Нэгдүгээр эгнээнд зогсоно. Жолооч нь дотроо байсаар байж хөдөлдөггүй. Шаардлага тавиад байхад зогсоол байхгүй гэж хэлдэг. Төлбөртэй зогсоолд тавихгүй гэсэндээ нэгдүгээр эгнээнд тавьчихдаг тохиолдол ч байна. Үүнээс болоод түгжрэл үүсдэг. Машин ачилтыг зогсооно гэвэл эмх замбараагүй байдал үүснэ. Хүмүүс хаана ч хамаагүй машинаа үлдээж, түгжрэл бүр нэмэгдэх эрсдэлтэй” гэв.
Ачилтын ажилтнуудын тайлбарлаж буйгаар автомашиныг зөөж шилжүүлэхийн гол зорилго нь зөвхөн жолоочид арга хэмжээ авах бус, хөдөлгөөнд саад болсон тээврийн хэрэгслийг тухайн хэсгээс чөлөөлөхөд оршдог. Хууль, журмын зохицуулалтаар ч хөдөлгөөнд саад учруулсан, хориглосон газарт байрласан тээврийн хэрэгслийг тодорхой нөхцөлд зөөж шилжүүлэх зохицуулалт бий.
Тиймээс “машин ачилтыг зогсоох уу, үргэлжлүүлэх үү” гэхээс илүүтэйгээр зогсоолын хүрэлцээ, жолоочийн хариуцлага, хяналт, зөрчил арилгах механизм зэрэг асуудлыг хамтад нь авч үзэх шаардлагатай болж байна.
Зогсоолгүй хотод жолоочийн хариуцлага хаана эхлэх вэ. Энд хоёр талын асуудал зэрэгцэнэ. Нэг талд нь жолооч “зогсоол байхгүй”, “хүнээ буулгаад явна”, “хүргэлтээ өгөөд хоёрхон минут болно” гэж тайлбарладаг. Нөгөө талд нь тухайн хоёр минутын хугацаанд замын нэг эгнээг ашиглах боломжгүй болсон жолооч нар бий. Замын хөдөлгөөн бол нэг хүний хэрэгцээнээс илүү олон хүний оролцоотой систем. Тиймээс нэг жолоочийн түр зогсолт бусдын хөдөлгөөнд саад болж эхэлсэн мөчөөс асуудал зөвхөн “хаана машинаа тавих вэ” гэдгээс хальж, нийтийн замын ашиглалт, хөдөлгөөний зохион байгуулалтын асуудал болдог. Нийслэлчүүдийн хувьд энэ асуудлын гарц зөвхөн торгууль, зөвхөн ачилт биш. Зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, төлбөртэй болон зориулалтын зогсоолын зохион байгуулалтыг сайжруулахын зэрэгцээ хөдөлгөөнд саад болсон автомашинд тавих хяналтыг үр дүнтэй байлгах шаардлагатай.
Харин жолоочийн хувьд “хэдхэн минут” гэдэг шалтгаанаар замын нэг эгнээг хаахгүй байх нь хөдөлгөөнд оролцогчийн хүлээх хамгийн энгийн хариуцлага юм. Учир нь нэг машин замын нэгдүгээр эгнээнд зогсохдоо зөвхөн өөрийнхөө зорчих хөдөлгөөнийг түр зогсоож байгаа хэрэг биш. Харин тэр эгнээгээр зорчих ёстой хэдэн арван, цаашлаад хэдэн зуун автомашины хөдөлгөөнд нөлөөлж байна. Тэгвэл нийслэлчүүд машинаа хаана, хэрхэн зогсоох вэ. Зогсоолгүй хотод жолоочоос ямар хариуцлага шаардах вэ.
Замын нэг эгнээг хааж зогссон автомашинаас үүссэн саадыг хэн, хэрхэн арилгах вэ. Эдгээр асуултын аль нэгийг нь орхигдуулсан шийдэл нөгөө асуудлаа л дахин бий болгоно.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!