УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс. Засгийн газар нь Улсын Их Хурлын өмнө хариуцлага хүлээж, төрийн бодлого, төсөв, зарцуулалттай холбоотой үйл ажиллагаагаа парламент болон ард түмэнд ил тод, бүрэн тайлагнах үүрэгтэй.
Засгийн газар ахмадын тэтгэвэр, багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх санал оруулж ирсэн нь зөв, түүнийг дэмжиж байна. Гэхдээ төсвийн бусад зарцуулалтыг тодорхой бус, задгай, ойлгомжгүй төлөвлөж, “төсвийн хулгай” хийхийг Улсын Их Хурлын гишүүд хүлээн зөвшөөрөхгүй.
Засгийн газрын “бялдууч сайд”-ын балгаар төсвийн асуудлаар асуулт асуусан, тодруулга шаардсан, зардлыг нягталсаныхаа төлөө гишүүд гүтгүүлж, доромжлуулж, улс төрийн дарамтад орж, парламентын зүй ёсны хяналтыг улс төрийн сөргөлдөөн болгон хувиргаж байгаа нь нэг сайд, хэдэн гишүүний хоорондын маргаан биш.
Төсөв, төсвийн тодотгол шиг улс орны амьдралд шууд нөлөөлөх том асуудлыг жижиг маргаан, зохиомол шуугианаар халхалж болохгүй. Тийм ч учраас Улсын Их Хурлын гишүүд “сайхан үгээр” халхавч хийж оруулж ирсэн төсвийн тодотголыг бүхэлд нь нягталж, үндэслэлгүй, үр ашиггүй, давхардсан болон тодорхой бус зардлыг засаж залруулахын төлөө хатуу зогсоно. Энэ бол бидний үүрэг. Гэтэл үүнд Засгийн газар саад болж байна. Үүнийг бид таслан зогсоох ёстой.
Улсын Их Хурлын дарга парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад, гишүүд хуульд заасан бүрэн эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх, төсвийн тодотголыг бодит мэдээлэл, тооцоо, нотолгоонд үндэслэн хэлэлцэх, сайжруулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах ёстой.
Сайхан үгээр төсвийг батлуулах биш, сайтар нягталж байж ард түмний, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах ёстой. Өнөөдөр ардчилал, эрх чөлөө, парламентат ёсыг хэн үнэт зүйл гэж хамгаалдаг, хэн эрх мэдэлд хүрэх шат болгон ашигладаг вэ гэдэг нь “ус, тосоороо” ялгарч байна.
Ардчилал бол эрх баригчдад хэрэгтэй үедээ ярьдаг чимэг үг биш. Парламент бол Засгийн газрын шийдвэрийг үг дуугүй тамгалдаг газар биш. Хариуцлага нэхэх нь төр үймүүлэх явдал биш.
Өмнөх үеийнхний маань эрх чөлөө, олон ургалч үзэл, парламентат ёсны төлөө тэмцэж, бидэнд өвлүүлж ирсэн үнэт зүйлийг өнөөдөр хэн нэгний албан тушаал, хэсэг бүлэг нөхдийн эрх ашгийн өмнө золиослох эрх хэнд ч байхгүй.
Албан тушаал, эрх ямба түр зуурынх. Харин парламентат ёс, ардчилал, Монгол төрийн дархлаа мөнх орших учиртай" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!