Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байгаа билээ. Манай Улсын эрэгтэй, эмэгтэй багууд өчигдөр буюу 8-р сарын 5 нд долоо дахь өргийн тоглолтуудаа хийлээ.
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг долдугаар өрөгт Хорватын шигшээ багтай учраа таарч, ялагдал хүлээлээ. Манай тамирчдаас Б.Гүндаваа өрсөлдөгчөө дийлсэн ч Д.Батсүрэн, Г.Амартүвшин, Б.Сумъяа нар тахим буулган 1-3 гэсэн харьцаатай хожигджээ. Ингэснээр манай эрэгтэй баг гурван хожил, хоёр тэнцээ, хоёр хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Харин эмэгтэй шигээ багийн тухайд өчигдөр Кубын шигшээтэй тоглолоо. Манай тамирчдаас А.Энхтуул, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар ялалт байгуулан, Б.Баярмаа тэнцсэнээр 3.5-0.5 гэсэн харьцаатай өрсөлдөгч багаа буулган авчээ. Ийнхүү тэд долоон өргийн дараах байдлаар таван хожил, нэг тэнцээ, нэг хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Найман өргийн дараах байдлаар манай эмэгтэй баг "А" категорид 8-р байрт бичигдэж, ширээний дүнгээр нэгдүгээр ширээнд эмэгтэй Их мастер А.Энхтуул дөрөвт, гуравдугаар ширээнд эмэгиэй ОУМ Т.Мөнхзул 10-р байрт, дөрөвдүгээр ширээнд ОУШХДМ Б.Мөнгөнзул наймдугаарт тус тус бичигдэж байна.
Өнөөдөр манай Монголын эмэгтэй баг маань алдарт эгч дүү гурван Полгарыг шатрын ертөнцөд төрүүлсэн Унгарын хүчирхэг багтай " оюун ухааны дайн" хийнэ. Дашрамд сонирхуулахад Унгарын эгч дүү гурвын хамгийн цуутай нь болох, дэлхийн шилдэг эмэгтэй шатарчны нэг Юдит Полгар энэ удаагийн шатрын олимпод тайлбарлагчаар ажиллаж байгаа билээ.
Манай эрэгтэй баг долоон тавилын дараа 55 дугаар байрт бичигдэж байна. Ширээний дүнгээр манайхаас эхний 20-д Их мастер Б.Гүндаваа багтаж буй бөгөөд тэрбээр гуравдугаар ширээнд 18-т бичигдлээ.
Өнөөдөр манай эрэгтэй баг Японы шигшээ багтай тоглох аж.
Эх сурвалж: Монголын шатрын холбоо