
Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамруулж эхэлжээ. Үзлэг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр цэцэрлэгийн дунд бүлэг буюу гурван настнууд, ерөнхий боловсролын сургуулийн 1, 6, 10 дугаар ангийн сурагчдыг үзлэгт хамруулах юм байна. Ингэхдээ хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчаас урьдчилан зөвшөөрөл авах аж. Зөвшөөрлийн хуудсанд эрт илрүүлгийн үзлэгийн зорилго, хийх үзлэг, үнэлгээ, үзлэгийг хэн, хэрхэн хийх, эрсдэл байгаа эсэх болон хүүхдийн мэдээллийг хэрхэн хамгаалах талаарх мэдээллийг тусгажээ.
Эцэг, эх, асран хамгаалагч зөвшөөрлийн хуудсыг уншиж танилцан зөвшөөрсөн тохиолдолд хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой богино хэмжээний асуумж бөглүүлсний дараа үзлэгт хамруулах юм.
Хоёр сарын хугацаанд үргэлжлэх энэхүү үзлэгт нийт 265,958 хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ. Үзлэгээр хүүхдийн:
- арьс, үс, хумс;
- яс, булчингийн хөгжил;
- цус багадалт;
- чих, хамар, хоолой;
- амьсгалын тогтолцоо;
- хоол боловсруулах эрхтэн систем;
- амны хөндийн эрүүл ахуй;
- зүрх, судас;
- нурууны муруйлт;
- хавтгай тавхай;
- сэтгэл зүйн байдал зэрэгт үнэлгээ хийх юм байна.
Үзлэгийн үр дүнд үндэслэн хүүхэд бүрийн эрүүл мэндийн талаарх дүгнэлт, цаашид анхаарах зөвлөмжийг гэр бүлд нь хүргэх ажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!