Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үеэр Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат болон Улсын заан Н.Жаргалбаяр нарын ярианы бичлэг дэлгэгдсэн билээ. Энэхүү бичлэг дэх Улсын заан Н.Жаргалбаяр “Хэд юм бэ” гэж асууж байгаа нь, “Тоогоо хэл” гэж буй Н.Энхбатын яриа цолны найраа байдаг гэдгийг тодхон гэрчилнэ. Тэгвэл эдгээр хоёр хүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад байна.
Орлогч дарга Н.Энхбат нь Өмнөговь аймгийн Засаг даргын Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцдаг. Энэ утгаараа өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын судсыг атгасан нэгэн гэхэд үнэнээс хол зөрөхгүй
Түүний албан тушаалын статус нь төрийн улстөрийн албан хаагч.
Энэ утгаараа Төрийн албаны зүгээс ёс зүйн талаас ямар нэг алхам хийх боломж хомс. Харин гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдлийг АТГ-аас шалгаж, үндэслэлтэй гэж үзвэл албан үүргээсээ түдгэлзэж шалгуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Үүнээс наана ажил албаа хэвийн үргэжлүүлэх боломжтой.
Энд нэг хачирхалтай зүйл бий. Учир нь Н.Энхбат нь Өмнөговь аймгийн “Хаанбанк”-ны захирлаар 2010-2020 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд тус аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдож байсан.
Гэтэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг дарга нь дээд боловсролтой, төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх гэсэн үндсэн шаардлага тавьдаг.
Нөгөөтэйгүүр, Засаг даргын орлогч нь Засаг даргыг “эзгүй” үед түүний ажил албыг орлож ажиллах учиртай.
Хуульд ч ингэж заасан. Тиймээс түүнтэй дүйцэхүйц шаардлага хангасан хүнийг Засаг даргаар томилох учиртай баймаар. Гэтэл түүний намтарт төрийн албанд гурваас дээшгүй жил ажилласан гэсэн “тодорхойлолт алга байгаа нь” өөрөө хууль зөрчсөн үйлдэл биш биз дүгнэхэд хүргэлээ.
Ингээд цол наймаалцсан Н.Энхбатын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.
Тэрбээр 1.9 сая төгрөгийн цалинтай. 104 сая төгрөгийн нэг орон сууц, 60 сая төгрөгийн үнэтэй 51 га газар, 48 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, 18 сая төгрөгийн хадгаламж, 55 сая төгрөгийн зээлтэй юм байна.
ИТХ-ын төлөөлөгч байхдаа малгүй байсан юм байна. Гэтэл Засаг даргын орлогч болоод хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ 75 сая төгрөгийн үнэ бүхий хоёр үхэр, 59 ямаа, 36 хонь, 47 адуу, хурдан удмын 10 адуутай гэж мэдүүлсэн нь анхаарал татав.
Ташрамд дурдахад, их спортын тайлбарлагч, сэтгүүлч С.Шижирбат "Наадмын бөхийн найраа олон жил болсон. Жил болгон л яригдаж байдаг. Ард түмэн найраанд дасчихсан. Одоо энэ мөчид сошиальд яригддагаараа яригдаж байна. Бөхийн хүрээнд бол 12-ны орой найраанууд хэн хэндээ хэвтсэн гэдэг нь тодорхой болчихсон байдаг. Мөнгө хүчтэй нэг нутаг ус жудаг мудаг хамаагүй болсон шүү дээ.
Наадмын өмнө зохиолууд зурагддаг, хэн хэн дээшээ үзэхийн, начинд хэн хэн дамжлуулах юм гээд. АТГ, цагдаа, тагнуулынхан угаасаа мэддэг. Хөдөөгөөс сонгогдсон гишүүд, улстөрчид дахиж сонгогдохын тулд найрааны мөнгийг гаргадаг, сонгуулиар нутгийн шинэ цолтнуудаа дагуулж явдаг ийм тогтолцоотой.
Энэ жил нийт даваануудын ханшийг тооцоход 25-30 тэрбум эргэхэд энэ мөнгө хаанаас гараад байна вэ гэдэг нь чухал. Татвар төлөгчдийн мөнгө үү, буруу замын бохир мөнгө үү. Хүн шударгаар олсон мөнгөө цацаад байхгүй л дээ. Амьдрал хэцүү байна л гээд байдаг. Найраанд эргэлдэж байгаа мөнгөний дүн юуг илэрхийлж байна вэ гэхээр улстөрчид нь тасарсан байгааг илтгэж буй юм. Том зургаараа хохирогч нь Монгол Улс юм даа. Бусад спортын төрлүүдэд гаднын орнуудад Match Fixing найраатай тоглолт тулаануудыг гэмт хэрэг гэж үздэг. Илрүүлж шийтгэсэн жишээнүүд бий. Манай үндэсний бөх шиг хавтгайрсан юм алга. Манайд хуульд өөрчлөлт орвол шийтгэх боломжтой болно" гэж бичсэн нь нийгэмд давалгаа үүсгээд байна.