Манай улсын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний сагсанд 300 орчим нэр төрлийн бараа байдаг. Төмс, гурил, мах бол бараг л "ертөнцийн гурван эрдэнэ" гэсэн үг. Гэтэл үнийн өсөлтөөс болж монголчууд гурил, мах, төмсөө худалдан авч хүчрэхгүйд хүрээд байна. Уг нь Засгийн газраас гурил, мах, шатахууны үнийг барих бодлого хэрэгжүүлж байгаа. Гэтэл төмсний үнэ "тэнгэрт хадаж" 4500 төгрөгт хүрэв.
Үнийн өсөлтийг эдийн засагч болон судлаачдын зүгээс инфляц, импорт, хил гааль, буруу бодлого, эрх баригчдын түргэн амтай холбон тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайдын хийсэн мэдэгдлээс энэ бүхэн эхлэлтэй гэнэ.
Учир нь валютын ханш харьцангуй тогтвортой байх үед "ковидын хязгаарлалтыг цуцаллаа " гэж мэдэгдсэн нь олныг хөдөлгөөнд оруулж, гадагшаа гарах валютын урсгалыг нэмэгдүүлсэн. Улмаар валютын ханш өссөн.
Өөр нэг өнцөг нь, УИХ-ын дарга тэргүүтэй улстөрчид Энэтхэг Улсад айлчлах үеэрээ Далай ламд мөргөсөн нь урд хөрш биднээс нүүрээ буруулах шалтгаан болсон аж. Улмаар Эрээний боомтыг хааж, бүхий л нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импорт гацсан. Ингээд л зах зээлд нийлэлтээсээ хэтэрсэн эрэлт үүсэж, үнэ хөөргөдсөн гэж үзэж болох юм.
Эргээд төмсний асуудалдаа оръё
ХХААХҮЯ-аас ирэх даваа гарагаас эхлэн эрт ургацын хураалтаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Ургац хураалт ийнхүү эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурна гэв. Гэтэл эрт ургацын хураалт хэдийн эхэлж, худалдааны төвүүдээр зарагдаж эхэлжээ. Гэтэл үнэ бахь байдгаараа.
Тодруулбал, Манай сурвалжлах баг "Барс" худалдааны төвөөс төмсний үнийг тодруулахаар очсон юм. Ингэхэд эрт ургацын монгол төмс бүх лангуун дээр худалдаалагдаж байв. Гэвч нэг килограмм 4500, шуудай нь 165-170 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Хятад буюу импортын төмс байхгүй гэдгийг худалдагчид хэллээ.
Ногоо худалдаачдын олонх нь ямар нэгэн дүрс, яриа өгөхөөс эрс татгалзсан.
Бидний сурвалжлах баг багагүй гуйсны эцэст нэгэн худалдаачнаас дараах зүйлийг тодруулсан юм.
- Худалдаанд байгаа төмс хаанаас нийлүүлэгдэж байгаа юм бол?
- Одоо зарагдаж байгаа нь эрт ургацын шинэ төмс. Жаргалант, Борнуур, Зүүнхараагаас орж ирдэг.
- Нийлүүлэлт ямархуу байна вэ?
- Маш муу. Өнөө өглөө гэхэд арай гэж таван шуудай төмс авсан. Цаанаасаа ирдэг үнэ нь нэг шуудай нь 160 орчим мянган төгрөг. Бидний зүгээс зөвхөн түрээснийхээ мөнгийг нэмж зарж байгаа.
- Хүмүүсийн худалдан авах чадвар ямар байна вэ?
- Өнгөрсөн жилийн өдийд худалдан авагчийн хөдөлгөөн ихтэй байсан. Гэтэл одоо бараг хүн алга. Уг нь үнэ шууд нэмэгдээгүй шүү дээ. Аль хавраас бага багаар нэмэгдсэн. Сарын өмнө гэхэд килограмм төмс 2000 төгрөг, шуудай нь 80 мянгаар ирж байсан. Одоо нэг килгорамм төмс 4000 орчим төгрөгөөр ирж байна.
- Нийлүүлэгчид үнэ нэмснээ юу гэж тайлбарлаж байх юм?
- Ховордсон гэж хэлдэг. Ургац хураалт байхгүй шахуу. Эрт хураалт хийхгүй байгаа гэсэн. Шатахууны үнэтэй бас холбоотой байх. Ургацын талбайгаас нааш нь тээвэрлэхдээ шатахууны үнийг нэмдэг.
Тэмдэглэл: Ургац хураалт нийтээрээ эхлээгүй байгаагаас төмс ховордож улмаар үнэ нэмэгдсэн гэж энэхүү сурвалжлагаас дүгнэж болохоор байна. Өнгөрсөн жилүүдэд үнийн хөөрөгдөл үүсээгүй шалтгаан нь БНХАУ-аас импортын төмс оруулж ирдэг байсантай холбоотой. Харин энэ жил хил гаалийн асуудлаас үүдэн импорт гацалтад орж, дотоодын тариаланчдын ургац хураалт эхлээгүйгээс ийнхүү нийлүүлэлт хомсдож, үнийн хөөргөдөл бий болжээ.