Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Үндэсний их баяр наадам бол эх орноо дэлхийд таниулах нэгэн шижим

Ангилал
Нийгэм
Хэзээ
Унших
12 минут 16 секунд

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр, сайхан болж байна. Баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар МҮОНТ, Монгол HD телевизийн шууд нэвтрүүлэг, мөн Туг.мн, Цахиур.мн, Зөв.мн сайтын хамтран зохион байгуулж буй “Цахим наадам” хөтөлбөрт оролцож, ярилцлага өгсөн юм. Ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.

-Та сайхан наадаж, сайхан зусаж байна уу. Наадмын нээлтийн талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Сайхаан, та бүхэн сайхан наадаж байна уу? Монгол түмний хоёр жил тэсэн ядан хүлээсэн наадам сайхан болж байна. Монголчууд маань наадмаа их хүлээж, үгүйлсэн нь харагдлаа. Нийслэл Улаанбаатар хот улсын баяр наадмыг зохион байгуулах бэлтгэлийг сайтар хангасан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэлийн иргэд хүндрэлтэй цаг хугацааг туулсан. Харин энэ жилийн хувьд Монгол орон даяар, тэр дундаа нийслэлчүүд маань баяр наадмаа сайхан тэмдэглэж байна. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Үндэсний их баяр наадам бол эх орноо дэлхийд таниулах нэгэн шижим. Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Монгол туургатнууд маань ирж зодоглож, сур, шагай харваж байгаа нь үнэхээр бахархууштай.

Монголчууд бид монгол угсааны анхны төрт улс байгуулагдсанаас хойших 2231 жилийн хугацаанд олон төр, улсыг байгуулж ирсэн бахархам түүхтэй. Үндэсний их баяр наадам бол монголчуудын хувьд томоохон дархлаа, амин сүнс, эв нэгдэл гэж хэлж болно. Эрчүүд эр бяр, мэргэн цэцнээ болон морьдынхоо хурдыг шалгадаг, олон жил уламжлан тэмдэглэж ирсэн баяр. Миний бие бага байхаасаа энэ баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, сэтгэлээ баясгаж ирсэн. Үндэсний бөхийн аварга хүний хувьд баяр наадмаар сэтгэл хөдлөх үе бий.

Энэ жилийн баяр наадам их онцлогтой болж байна. Учир нь “Ковид-19” цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд бид нэлээд хүч гаргасан. Вакцинжуулалтыг амжилттай өрнүүлж, вакцинд хамрагдсан иргэдийнхээ тоогоор манай улс Ази тивийн улсуудаас эхний тавд багтлаа. Цар тахлын үед алдаа оноо байсан ч түүнээс суралцан, засаж, залруулсаар урагшилж байна.

-Төв цэнгэлдэх хүрээлэнд олон бүтээн байгуулалт хийжээ. Наадамчин олон тухтай сайхан наадах нөхцөлийг бүрдүүлж, хууль, эрх зүйн хүрээнд ч мөн багагүй амжилттай ажиллалаа. Цэнгэлдэхэд ирэхэд нүд дүүрэн, зохион байгуулалт сайтай, сайхан болсон байна?

-Үндэсний их баяр наадам бол монгол түмний амин сүнс, дархлаа. Тэр утгаараа хоёр жил өнжсөн наадмаа өрнүүн сайхан тэмдэглэхийн тулд олон ажил хийлээ. Нэн түрүүнд 1958 оноос хойш их засвар хийгээгүй байсан Төв цэнгэлдэх хүрээлэнд их засвар хийж, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, үйлчилгээний байгууллагууд соёлтой, шуурхай үйлчилгээг ард иргэдэд хүргэх бэлтгэл зэрэг бүхий л ажлыг эртнээс төлөвлөн гүйцэтгэлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон байгууламжийн ажлыг оройтож эхэлсэн ч цаг хугацаандаа амжиж нэг талын хэсгийн үзэмжийг сайжруулж, ая тухтай байхаар шийдсэн. Дараа жилээс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон битүү ногоон байгууламж болно. Зүлэг их тарина. Түүнчлэн нэг стандартаар 300-500 асар захиалж, хувийн хэвшилтэй хамтарч хямд түрээслүүлэхээр төлөвлөж байна. Хотын зүгээс гарааш, хашаа, хайс буулгаж байгаа. Иргэд, аж ахуйн нэгжтэйгээ харилцан ойлголцож, хамтран ажиллаж байна. Дүүргийн дарга нар мөн сайн ажиллаж байгаа. Есөн дүүргийн дарга нар сайн ажиллахаар дүүргийн тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээ зэрэг чимхлүүр ажлууд алдагдахгүй явж эхэлдэг.

Өнгөрсөн богинохон хугацаанд Улаанбаатар хот эрх зүйн шинэтгэл хийж, төсвийн орлогоо бараг 30 дахин нэмэгдүүлсэн. Хотын эрх зүйн чадамж нэмэгдсэнээр олон улсын түвшинд хамтран ажиллах олон улсын хэмжээний байгууллагууд, орчин цагийн хөгжингүй хотуудтай хамтран ажиллах боломж нээгдсэн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдын Сингапур Улсад хийсэн айлчлалын үеэр хотын асуудал түлхүү яригдсан. Улаанбаатар хотын орон сууцны бодлого, цахим шилжилт, Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр, нийтийн тээврийн шинэчлэлүүдийг хийж, хэрэгжүүлэх гэхчлэн далайцтай асуудлуудыг Засгийн газартайгаа хамтран хэрэгжүүлж байна. Ирээдүйн 30-50 жилийн дараахыг өөдрөгөөр харж байгаа.

ЭНЭ ЖИЛИЙН НААДАМД ЗАЛУУЧУУД ӨНГӨЛЖ, ДАВАМГАЙЛАН БАРИЛДАНА ГЭЖ ХАРЖ БАЙНА

-Төв цэнгэлдэх хүрээлэнд нэгийн даваа эхлэх гэж буй торгон мөчид тантай ярилцаж байгаа маань завшаантай хэрэг. Наадам болохоор монголчууд бөх, морь, харваачдаа их шинждэг. Та хэрхэн шинжиж байна вэ?

-Энэ жил Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна. Ардын хувьсгал бол шинэ цагийн Монгол орны тусгаар тогтнолын амин сүнс байсан гэж боддог. Энэхүү түүхт ойд үндэсний бөхийн их аварга, арслан цолтнууд тэргүүлэн барилдана. Мөн монгол туургатан 40 гаруй залуус зодоглож байна. Энэ жилийн наадамд залуучууд өнгөлж, давамгайлан барилдана гэж харж байна. Тэр дундаа Өвөрхангай аймгийн Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон хоёрыгоо улсын цолд хүрнэ гэж хүлээж байна. Түрүүлэхийг ч үгүйсгэхгүй. Цоо шинэ, битүү, сайн бэлтгэлтэй залуу бөхийн наадам болж магадгүй шүү. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор би улсын баяр наадамд Азжаргал начинтай үзүүр түрүүнд үлдэж байсан. Томоохон ойн баяруудаар шинэ, залуу бөх төрдөг талтай.

Монгол үндэсний бөх бол бидний өв соёлыг харуулсан спорт. Монгол туургатны төлөөллүүд болон Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс бөхийн спортоор хичээллэдэг, сонирхдог залуус баяр наадамд оролцон, барилдаж байна. Илүү олон залуус үндэсний бөхөөр хичээллэж, уг спортын уламжлал, түүхийг судлаасай гэж хүсдэг. Гадаад хүмүүсийг ч гэсэн баяр наадамд оролцуулбал үндэсний соёл, түүх, уламжлалаа олон улсад сурталчлах давуу талтай шүү дээ.

-Энэ жилийн наадмаар ямар хүмүүсийг түрүүлнэ гэж харж байна вэ. Хэнийг дэмжиж байна вэ?

-Баяр наадмын өнгө сайхан эхэлж байна. Бороо хур, салхи шуургатай байх болов уу гэж эмээж байсан ч нар хур тэгширсэн, сэвэлзүүр салхитай, 20-23 хэмийн дулаантай, сайхан өдөр байна. Энэ бэлгэшээлт баярын өдөр нутаг нутгийн дэвжээнүүд бэлтгэлээ базааж байгаа. Би төв халхын, Өндөр гэгээн Занабазарын өлгий нутаг гэж ярьдаг Өвөрхангай аймгийн Хужирт сумаар олон жил овоглуулсан. Өвөрхангай аймгийн нутгаас улсын баяр наадмын түрүү төрөх болов уу гэж харж байна. Залуу хүн түрүүлэх болов уу.Энэ ойд Өвөрхангай нутгаас минь ард түмнийг цэнгүүлсэн, буян даасан сайхан бөх гараасай гэж хүсэж байна.

-Зургаан залуу зааны нэвтрүүлгийг яагаад хийх болсон бэ?

-Нэг үеийн төлөөлөл болсон сайхан залуучууд гэж би нөхдөө хүндэлж явдаг. Хоёр жилийн өмнө Херо Баатар бид хоёр нэвтрүүлэг хийж, дүрсүүдээ мөнхжүүлж авъя гэж ярьсан. Бид бол нэгэн үеийн бөхчүүдийн төлөөлөл, Монгол бөхийн нүүр царай болсон өв соёлыг тээгч, ард түмний бахархал дээр суурилж явсан зургаан залуу юм. Ц.Цэрэнпунцаг ах зургаан залуу зааны хамгийн ахмад нь. Сэрвээ, мөрөндөө тэнхээний хувьд ойгүй гэцгээдэг. Нэг сул тал нь уйдамхай. Нэгэн үеийн бөхийн түүхийг хамтдаа бичилцэж, үүнээс залуус юм аваасай гэж бодож байна. Ёс зүй, хүмүүжил, зарчим, хандлагыг суралцаасай. Сайхан залуучууд олон байгаа ч болохгүй, бүтэхгүй хүмүүс бас байна. Сургаад, хүмүүжүүлээд явах хэрэгтэй. Ард түмнийхээ итгэлээр битгий тоглоорой гэж хэлмээр байна. Өөрсдийгөө битгий хуур, ард түмнийг битгий хуур. Итгэлийг битгий хөсөрдүүл. Сүүлдээ үндэсний өв уламжлалаа дээдлэхээ боливол яах вэ? Миний хамгийн эмзэглэж байгаа зүйл бол энэ. Давбал давна биз, унавал унана биз. Наадам нэгээр дуусах биш. Шартай, хортой, төлөвлөгөөтэй, зорилгоо зөв тодорхойлдог байх хэрэгтэй.

-Нийслэлчүүддээ хандаж Хотын даргын хувиар, аваргын хувиар наадмын мэндчилгээ дэвшүүлэхгүй юү?

-Хоёр жил хүлээсэн Үндэсний тусгаар тогтнолын дархлаа болсон Үндэсний баяр наадам ёслол төгөлдөр, өнгө зүс сайтай эхэлж байна. Баяр наадмын бэлтгэлийг нийслэл хотын удирдлагууд есөн дүүргийн хамт олонтой хамтарч хичээж хийсэн. Өшөө их хийж, хэрэгжүүлэх ажил бидний өмнө байна. Сайн зохион байгуулалт, зөв сэтгэл байхад болно гэж боддог.

Улаанбаатарын иргэдийн оролцоо хотын хөгжилд туйлын чухал. Иргэд маань нийслэлээс хийж буй ажлыг ямагт дэмждэгт нь Хотын даргын хувьд талархаж байна. Олны сэтгэлд нийцүүлнэ гэдэг амаргүй, хүнд ажил. Заримд нь таалагдахгүй, заримд нь таалагдана. Гэсэн хэдий ч нийтийн эрх ашгийн төлөө, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, ногоон байгууламжтай байх нөхцөлөөр хангахын төлөө бид бүх хүч чадлаа дайчлан ажиллана. 1.6 сая улаанбаатарчууд та бүхэндээ Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэндийг хүргэж, баяр наадмын ерөөл өргөе. Та бүхэн дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай. Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн байх болтугай.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дамбын Хишигжаргалын 7 настай охины азарга аман хүзүүнд ОРЖЭЭ
 
УКРАИНЫ ДАЙН: Энгийн иргэдийн явж байсан цуваа руу ОХУ пуужингаар харваж 25 хүн амь үрэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.