Төсвийн байнгын хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "30 тэрбум төгрөг хэмнэх биш нэг их наядаар нь хэмнэ" гэж анхааруулсан юм. Түүнчлэн Засгийн газар уг хуулийн төслийг эргэж нэг харах хэрэгтэйг онцлоод "Хэмнэлтийн тухай хууль нийгмийн сэтгэлзүйд хандсан ёс төдий гал унтраах төдий харагдаж байна. 30 гаруй тэрбум төгрөг бол бага мөнгө.
Тиймээс дорвитойхон оруулж ирвэл яасан юм. Яам агентлагийн дэд дарга, орлогч, зөвлөхийг бүрэн цөөлбөл яасан юм. Хэмнэх болохоор орон нутаг руу ордог. Хэмнэлтийн горимыг яам, тамгын газар, Засгийн газар, УИХ-ын түвшинд хийх ёстой. УИХ ажлаа сайн хийхгүй байж, орон тоо нь дэндүү данхагар байна. Төрийн өмчийн газруудыг жийп машиныг худалд гэж байна. Муу жийпээ худалдаад ирэх жил ахиад шинэ жийп авах гэж байгаа юм.
Дуудлага худалдаа гэсэн нэрээр сайхан машиныг акталж ченжийн гараар оруулж мөнгө угаах гэж байна. Эргээд орон нутаг руу явах гэсэн авахаас өөр аргагүй боллоо гээд ахиад авна. Гэтэл хөдөөгийн түргэний тэрэг сэг болсон байдаг. Сайд дарга нарыг дагасан зөвлөхүүд том машин унаж байгаа. Энэ хууль шилний цаанаас чихэр долоолгох гэж байгаа юм биш үү. Нэг их наядаар нь хэмнэх ёстой. Ийм зүйлийг зоригтой оруулж ирэх ёстой. Засгийн газар энэ хуулиа эргэж нэг харж үзээч ээ” гэж байлаа.
Түүний хэлсэн үгийг нэг талаас нь харвал, ард түмэнд таалагдах гэсэн попрол гэж харахаар.
Гэвч нөгөө талаас нь ажвал, үнэхээр л төсвийн хэмнэлт нэрийн дор он хуучин автомашинуудаа актлаж, шинээр орлуулах вий гэсэн хардлага төрөх нь дамжиггүй. Ямартай ч төсвийн хэмнэлт хийх замаар нэгэнт хямдралд өртөж, улаасан улсын төсвөө аврах оролдлогыг энэ Засгийн газраас эхлүүлсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн автортой эл ажил эхлүүлэх үед "Төрийн албаны дарга нарт хамаарах 1000 гаруй автомашины урсгал зардалд жилд 11 тэрбум төгрөг зарцуулдаг гэж байсан.
Энэ үг ч ард түмэнд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Энэ ч утгаараа төсвийн хэмнэлт хийж, дарга нарыг хоёр хөлөөрөө ажлаа амжуулахыг даалгасан нь ард түмэнд ихээхэн таалагдсан юм.
Тиймээс Засгийн газрын Автобаазын дарга Г.Чинзоригтой уг асуудлаар ярилцлаа.
-Төсвийн хэмнэлтийн тухай хууль батлагдлаа. Хуулиар төрийн албанд ашиглаж байгаа 9600 орчим автомашинаас 60 хувийг нь цөөлнө гэсэн. Төрийн өмчийн хорооноос нийт хэдэн машин актлаж, танайд хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн үү?
-Засгийн газрын 204 дүгээр тогтоол батлагдсан. 9600 автомашины 60 хувь гэхээр уул уурхай салбарт ашигладаг, эсвэл хилийн бүс, алслагдсан сум, суурийн газар дахь төрийн албаны хэрэгцээнд ашиглагдаж байгаа автомашин бүгд орсон байх. Төрийн өмчийн хорооноос эхний ээлжинд 400 автомашин татан төвлөрүүлэхээр болсон. Үүнээс одоогоор яам, Тамгын газрын 100 гаруй автомашиныг манайх хүлээж авсан.
-Татаж авсан автомашинуудыг гурван чиглэлд ашиглана гэсэн. Чухам ямар гурван салбар гэдгийг та мэдсэн үү?
-Миний мэдэхээр хил хамгаалах, алслагдсан аймаг, сумдын хүн эмнэлэг, байгаль хамгаалал зэрэг газарт ашиглах юм шиг байна лээ. Гэхдээ бүгдийг нь биш шүү дээ.
-Танай автобаазад хүлээлгэж өгч байгаа автомашинуудын техникийн бүрэн бүтэн байдал шаардлага хангаж байна уу?
-Энэ асуудалд бид няхуур хандаж байгаа. Гэхдээ төрийн шат шатны байгууллагууд парк шинэчлэл хийгээгүй удсан. Энэ утгаараа ихэнх автомашин нь он хуучинтай. Зарим нь олон зуун мянган км гүйлттэй. Бараг моралийн элэгдэлд орсон гэхэд болно.
Ингэж асуусан учир нь 2016 оны үед Төрийн өмчийн хорооноос төрийн албанд ашиглагдаж байсан зарим автомашиныг дуудлага худалдаагаар зарах үед иргэдийн зүгээс ихээхэн гомдол санал ирж байсан юм л даа?
Хэрвээ татан төвлөрүүлсэн автомашиныг Төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаагаар худалдах болбол бид чанарыг нь хариуцахгүй. Учир нь нэгэнт олон жил төрд ашиглагдсан. Энэ утгаараа бид аль чадлаараа л техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж өгөхийг хичээнэ.
-Ирсэн автомашины үзлэг оношлогоог танайх хийж байгаа юу?
-Үгүй. Автотээврийн үндэсний төв хийж байгаа.
-Дарга нарын жийп машиныг хураах шийдвэр гарах үед зарим нь автомашиныхаа хөгжим, гэрэл, дугуй зэргийг сольсон гэх мэдээлэл ирсэн. Танд ийм зүйл ажиглагдав уу?
-Одоохондоо гайгүй л байна. Ихэнх нь он хуучин автомашин болохоор анх үйлдвэрээс тавьсан хөгжим нь хаана байна гэж асуух хэцүү. Юу ч болсон байж болно шүү дээ.
-Үүнээс яаж урьдчилан сэргийлж, хамгаалж байгаа юм бол?
-Засгийн газрын 204 дүгээр тогтоол батлагдах үед бүх төрийн байгууллагуудад албан мэдэгдэл хүргүүлсэн.
-Нэг асуудал байна. Цахим орчинд энэ сайд, тэр дарга тэдэн зуун сая төгрөгөөр ийм жийп машин авчээ. Төсвөөс ийм хэмжээний мөнгө гарсан баримт нь энэ гээд мэдээлэгддэг. Гэтэл та ихэнх нь он хуучин машин гэх юм?
-Эхний ээлжинд 400 автомашин татан төвлөрүүлэх ёстой. Үүнээс 100 гаруй нь л манай баазад ирсэн. Энэ 100 автомашины нөхцөл байдал нь энэ. Харин араас ирэх автомашинууд яг ямар байхыг хэлж мэдэхгүй. Манай баазын хувьд 170 гаруй автомашинтай. Энэ автомашиныхаа засвар үйлчилгээг хариуцдаг.
-Эдгээр 170 автомашины үйлчилдэг хүрээ нь?
-Төрийн гурван өндөрлөгийн ажлын алба, УИХ болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар. Мөн шинээр байгуулагдсан хоёр яам нэмэгдсэн. Дээр нь Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, ХЭҮК зэрэг томоохон байгууллагуудын автомашиныг хариуцдаг.
-Эдгээр автомашины хамгийн он залуу нь хэдэн оных вэ?
-Парк шинэчлэл хийгээгүй удаж байна. Хамгийн он залуу 2018 оны Land-200 байх. Жижиг тэрэгний хувьд 2012 оноос хойш парк шинэчлээгүй.
-Танай автобааз төрийн гурван өндөрлөгөөс эхлээд төрийн өндөр албан хаагчдын автомашиныг хариуцдаг гэлээ. Тэгвэл эдгээр 170 автомашинаас цөөлөх мэдээлэл бий юү?
-Эхний ээлжинд 400 автомашиныг татан төвлөрүүлнэ. Үүний дараа дахиад жагсаалт батлаж өгнө гэсэн. Үүний дараа л яригдах асуудал байх.
-Гэхдээ он хуучинтай автомашинуудаа актлаад он хуучныг авч үлдэх вий. Эсвэл актласан нэрийн дор дараа жил дахиад шинэ автомашинаар баазаа сэлгэх вий гэх гэсэн болгоомжлол иргэдийн дунд бий?
-Яг энэ өнцгөөс нь хэлэх хэцүү. Төрийн шийдвэр юу гэж гарна. Бид тэрийг нь л дагаж мөрдөнө шүү дээ.
Засгийн газрын Автобаазын зүгээс ийм тайлбар өглөө. Тиймээс Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар ямар албан тушаалтнууд автомашин хөлөглөхийг хориглосон тухайг товчхон хүргэе.
-Улсын их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд орлогч дарга,
-яамны дэд сайд,
-төрийн нарийн бичгийн дарга,
-Засгийн газрын агентлагын дарга,
-төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал,
-төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин хориглохоор заасан.
Харин аймаг, НИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга сум, дүүргийн Засаг даргаас бусад этгээдэд албан тушаалын суудлын жижиг автомашин унахыг хориглоно. Үүнээс гадна орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн ААН эсвэл төрийн болон орон нутгийн өмчийн авто тээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно гэж заасан юм.