Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан, төрийн байгууллагуудын автомашинуудыг Засгийн газрын авто баазад татан төвлөрүүлж байгаа. Хуулийн хэрэгжилтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хангуулахаар ажиллаж байна. Энэ асуудлын хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй ярилцлаа.
-Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд зарим шатны байгууллагын дарга нар хот дотор албан тушаалын суудлын авто машин ашиглахыг хориглосон. Энэ хуулийн хэрэгжилт ямар шатандаа явж байна гэдгээс яриагаа эхлүүлье?
-Хэмнэлтийн тухай хууль УИХ-аар батлагдсанаар мөрдөгдөж эхлээд байна. Үүний дагуу хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хурлаар хэрэгжилтийг хангах тогтоол гарсан нь бидний гарт албажин ирээд байна. 2022 оны тавдугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын 204 тоот тогтоол гарч, хуулийг хэрэгжүүлэх талаар маш тодорхой зааж өгсөн.
Өмнө нь буюу 2015 онд батлагдсан Засгийн газрын 181 дугаар тогтоолоор эрх бүхий албан тушаалтнууд дуудлагын автомашин ашиглахыг баталсан байсан. Сая гарсан 204 дүгээр тогтоолоор энэ 181 дугаар тогтоол хүчингүй болж байгаа юм. Хуучин тогтоолоор автомашин хэрэглэх эрхтэй албан тушаалтнуудын жагсаалтад 100 гаруй албан тушаалтан багтаж байсан. Харин сая баталсан 204 дүгээр тогтоолоор энэ тоог хэд дахин бууруулж 20 гаруй албан тушаалтан автомашин унахаар зохицуулсан.Үүнд,
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ;
- Гамшгаас хамгаалах алба;
- Цагдаагийн алба;
- Байгаль орчныг хамгаалах алба;
- Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг;
- Тагнуулын болон төрийн тусгай хамгаалалтын алба;
- Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба;
- Дипломат алба;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба;
- Хот тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээ;
- Хилийн боомтын захиргаа, гаалийн алба;
- Шүүх, прокурорын байгууллага;
- Авлигатай тэмцэх байгууллага;
- Мал эмнэлгийн байгууллага;
- Мэргэжлийн хяналтын байгууллага;
- Татварын алба;
- Шүүх шинжилгээний алба;
- Хүний эрхийн Үндэсний Комисс;
- Үндсэн үйл ажиллагаа нь тусгай зориулалтын автотээврийн хэрэгсэл ашиглах хэрэгцээ, шаардлагыг бий болгодогоос бусад байгууллагын албан тушаалтан хот дотор албан тушаалын суудлын автомашин унахгүй байхаар болсон.
Мөн төрийн байгууллага, төсөвт байгууллагын удирдлага, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлагууд Улаанбаатар хот дотор автомашин хэрэглэхгүй. Тэр дотроо том оврын суудлын автомашин хэрэглэхгүй байхаар зохицуулагдсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох байгууллагуудын төлөөллүүд орсон.
Бүх яам, агентлаг, УИХ-ын харьяа байгууллага, төсөвт байгууллага, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын автомашинуудын судалгааг гаргаад дуусах шатандаа явж байна.
-Татан төвлөрүүлсэн автомашинуудыг цаашид хэрхэн ашиглах вэ. Ямар аргаар зарж борлуулах вэ?
-Энэ судалгаанд хамрагдсан буюу автомашин унахгүй байхаар заагдсан албан тушаалтнуудын машиныг эхний ээлжинд татан төвлөрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Эдгээр татан төвлөрүүлж буй автомашинуудыг Засгийн газрын авто баазад нэгтгэн төвлөрүүлж байгаа. Эхний ээлжинд хоёр удаагийн жагсаалт гарган татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулаад байна. Өчигдөр гуравдугаар ээлжийн татан төвлөрүүлэх жагсаалтыг гаргаж дууссан. Ингэснээр өнөөдрөөс эхлэн гуравдугаар ээлжийн татан төвлөрүүлэх ажил эхэлнэ.
Эхний ээлжинд 300 гаруй автомашин татан төвлөрөлтөд хамрагдахаар тооцоо судалгаа гарсан. Эдгээр автомашинуудыг татан төвлөрүүлсний дараа зайлшгүй хэрэгцээт автомашинуудыг нь Засгийн газрын баазын харьяанд үлдээж, илүүдэл автомашинуудыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлэх юм.
Хөдөө орон нутгаас илүү машинуудыг татах санал ихээр ирж байна. Тэдгээр автомашинуудыг тухайн орон нутагт нэн шаардлагатай байгаа байгууллагуудад шилжүүлж өгнө. Мөн сумдад автомашины хэрэгцээ их байгаа учир эрэмбэ дараалалтай ангилал гарган үе шаттайгаар ажиллаж байна.
-Төрийн албанд ашиглаж буй автомашинуудын дугаарыг бусад тээврийн хэрэгслээс ялгах үүднээс өөрчлөхөөр мөн хуульд заасан байгаа шүү дээ. Энэ ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Цаашид төрийн албанд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийг бусад автомашинаас ялгах үүднээс дугаарыг нь өнгөтэй болгож байгаа. Энэ асуудлаар холбогдох байгууллагуудын саналыг авч байгаа. Удахгүй Засгийн газрын хурлаар орж шийдэгдэх болно.
Төрийн автомашины дугаарын дэвсгэр өөр өнгөтэй болсноор албаны машинаар хүүхдүүдээ сургуульд зөөх, гэр бүлийн бусад хүмүүс ашиглах зэрэг хувийн зорилгоор ашиглах түгээмэл асуудлууд нэг мөр шийдэгдэнэ.
-Төлөвлөгөөт автомашинуудыг татан төвлөрүүлсний дараа төрийн үйлчилгээг цаашид хэрхэн яаж зохицуулах вэ?
-Энэ асуудлыг давхар шийдэх шаардлагатай болж байгаа. БНХАУ, АНУ болон Европын зарим улсад төрийн үйлчилгээг дуудлагын автомашинаар гүйцэлдүүлж эхэлсэн. Бусад орны жишгээс харахад энэ ажил биелэлээ олж, амжилттай хэрэгжиж байгаа. Манай улсын хувьд төрийн албанд үүнтэй ижил систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.
"Монгол Улсад дуудлагын автомашины үйлчилгээ үзүүлдэг дөрвөн компани байна. Эдгээр компанийн дунд нээлттэй, богино хугацааны тендер зарлаж, ялсан компанитай хамтран ажиллана"
Энэ системийг нэвтрүүлснээр төрийн албанд зайлшгүй шаардлагаар үйлчилгээ үзүүлэх тохиолдолд тухайн дуудлагын тээврийн хэрэгслийг дуудан ажиллах боломжтой. Өмнө нь нэг машиныг ажлын гадаа хоосон "сойж", онцын хийх ажилгүй байсан ч жолооч нь заавал байсаар ирсэн. Дуудлагын машин ашигласнаар энэ байдал сайжирна. Төрийн үйлчилгээнд автомашин ашиглах байдлыг үр дүнтэй, зорилготой болгох юм.
Хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний гол агуулга нь сүүлийн 20 гаруй жил хэрэгжсэн автомашины хэрэглээ, дарга нарын том өрөөнд суух ёстой гэсэн хандлагыг өөрчлөх юм. Дэлхий нийт биднээс өөр хандлагаар явж байгаа. Тиймээс хандлагыг өөрчилж, төрийн албанд төлөвшүүлэх гол зорилготой.
Төрийн хэмнэлтийн хууль нь нэг удаагийн шинжтэй хууль биш. Цаашид энэ хууль хэрэгжсээр байх болно. Тиймээс Засгийн газрын шийдвэр цаг үеэ олсон, олон нийтийн хүлээлтэд хүрсэн гэж ойлгож байгаа. Үүнтэй холбогдуулан эдийн засгийн хэмнэлтүүд гарч байгаа.
Жишээлбэл, Төрийн болон төсөвт байгууллагын дарга нарын 1000 орчим машин дээр судалгаа хийхэд жилд 11 тэрбум төгрөгийн зардал гарч байгаа юм. Энэхүү зардалд жолоочийн цалин, тээврийн хэрэгслийн татвар, сэлбэг, граш, шатах тослох материалын зардал багтаж байгаа юм. Энэ үрэлгэн зардал үгүй болох юм.
-Төрийн байгууллагуудын авто машиныг татан төвлөрүүлэх ажлын хүрээнд одоогийн байдлаар 400 орчим тээврийн хэрэгслийг татах жагсаалт гарсан гэсэн шүү дээ. Энэ ажлын хүрээнд нийт хэдэн машиныг татан төвлөрүүлэх вэ. Эдгээр машинуудаас хэдэн төгрөгийн хэмнэлт гарна гэж тооцоолсон бэ?
"Төрийн болон орон нутгийн оролцоот компанийн 108 дэд дарга, орлогч чөлөөлөгдсөн"
-Ерөнхийдөө 4000 гаруй тээврийн хэрэгслийн судалгаа яригдаж байна. Эхний ээлжинд хуулийн дагуу албан тушаал нь байхгүй болсон, машин хэрэглэхийг хориглосон албан тушаалтнуудын тээврийн хэрэгслийг төвлөрүүлэх арга хэмжээг авч байгаа. Хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, агентлагийн дэд захирлууд чөлөөлөгдсөн. Тухайлбал, манай төрийн болон орон нутгийн оролцоот компанийн 108 дэд дарга, орлогч чөлөөлөгдсөн. Эдгээр хүмүүсийн ашиглаж байсан автомашинуудыг татан төвлөрүүлж байна. Татан төвлөрүүлсэн машинуудыг хэрэгцээтэй байгууллагуудад хуваарилалт хийн шилжүүлнэ. Бусад машинуудыг зарж борлуулна. Харин ашиглалтын шаардлага хангахгүй машинуудыг актална.
-Татан төвлөрүүлж буй автомашинуудын тал хувийг зарж борлуулна гэж ойлголоо. Тэгвэл эдгээр тээврийн хэрэгслийг борлуулах ажил хэзээнээс эхлэх бол. Ямар системтэйгээр худалдаалахаар байгаа вэ. Нээлттэй тендер зарлах уу?
-Автомашин бол хөдлөх хөрөнгө шүү дээ. Манай ТӨБЗГ-аар дамжуулан төрийн байгууллагуудын өмч хөрөнгийг шилжүүлэх, үнэлэх, актлах зэрэг олон шилжилт хөдөлгөөн хийгддэг. Төрийн өмчийг дуудлага худалдаагаар оруулах журам байдаг. Энэ журмын хүрээнд манай байгууллага шийдвэр гаргадаг. Гэхдээ энэ удаагийн арга хэмжээ төвлөрсөн журмын хүрээнд хэрэгжиж байгаа учир ажлын хэсэгт саналаа оруулж шийдвэр гаргана. Нээлттэй дуудлага худалдааг олон нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна.
-Татан төвлөрүүлж буй автомашинуудын жолооч нарын ажлын байрыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ. Эдгээр жолоочийн ажлын байрыг хадгалж үлдэх үү?
-Өчигдрийн авсан мэдээгээр 40 гаруй жолооч ажлын байргүй болсон байна. Харин 70-80 орчим жолооч тухайн байгууллагадаа дотроо асуудлаа шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна. Одоогийн байдлаар ажлын байргүй болсон 40 гаруй жолооч болон цаашид чөлөөлөгдөх жолооч нарын ажил амьдралын асуудлыг зохицуулах нь зүйтэй гэх агуулгаар шийдвэр гаргасан.
Тиймээс энэ жолооч нарт улсын байгууллагад ажил санал болгох, ижил төстэй байгууллагуудад ажлын санал тавих зэрэг арга хэмжээ авна. Ингэхдээ тухайн жолоочийн өөрийн санал дээр үндэслэн зохион байгуулалт хийнэ.
Магадгүй зарим жолооч ажилгүйдлийн тэтгэмжээ аваад бүр мөсөн халагдана гэвэл тэр хүний саналд хүндэтгэлтэй хандах болно. Ямар ч байсан эдгээр жолооч нарын ажлын байрыг хадгалахаар зохицуулна.
-2015 оны үед төрийн албаны тээврийн хэрэгслүүдийг худалдах ажлыг ТӨБЗГ буюу танай байгууллага хийж байсан. Тухайн үед дуудлага худалдаанд оруулах автомашинуудын зарим эд анги алдагдсан хэрэг гарсан. Энэ удаад мөн ийм төрлийн эрсдэл гарахыг үгүйсгэх аргагүй. Энэ талаар ямар урьдчилсан арга хэмжээ авч байгаа вэ?
-Ажлын хэсгийн хүрээнд энэ асуудлыг ярьсан. Хууль батлагдах үеэр ийм процесс болно гэдгийг урьдчилан тооцоолж бүх байгууллагуудад чиглэл өгсөн. Чиглэлд машины бүрэн бүтэн байдал, тодорхой шаардлагыг тусгаж өгсөн. Мөн татан авч буй машинуудыг хүлээлцэх комисс байгуулсан. Энэ комисст цагдаагийн байгууллага, авто тээврийн үндэсний төв, татварын байгууллага, даатгал байгууллага, ТӨБЗГ-ын төлөөллүүд ажиллаж байгаа. Ингэхдээ тухайн машиныг авто оношилгоонд оруулж авч байгаа. Ямар өмч хөрөнгө авч байгаа гэдэг нь машин хүлээн авч буй актад үлдэнэ. Энэ байдлаар машины бүрэн бүтэн байдалд хяналт тавьж байгаа юм.
-Иргэд, олон нийтийн зүгээс татан төвлөрүүлж буй машинуудын дийлэнх нь хуучин онтой, ашиглалтын шаардлага хангахгүй байна гэж шүүмжилж байгаа. Тэгэхээр машиныг татан төвлөрүүлэхдээ 100 хувь дарга нараас нь шалтгаалж байгаа юу. Моторын чадал төрөл гэх зүйлүүд нөлөөлөх үү?
-Ерөнхийдөө 2015 оноос хойш төрийн байгууллагуудын автомашинд парк шинэчлэл хийгээгүй. Үнэндээ төрийн байгууллагад ашиглагдаж байгаа машинууд дунд тийм ч сайн машин алга байна.
Татан төвлөрүүлж буй машинуудад дүн шинжилгээ хийхэд гуравны нэг нь боломжийн гэх ангилалд байгаа бол үлдсэн нь их "тааруу" машин байна.
Төрд ашиглагдаж буй тээврийн хэрэгслүүдийг журамлахаар үе үеийн Засгийн газар оролдлого хийж байсан. Гэвч төдийлөн үр дүнтэй болж байгаагүй. Үүнийг нууж хаагаад байх шаардлагагүй. Үнэн юмыг үнэнээр нь хэлэх ёстой. Тиймээс энэ удаад зөвхөн тогтоол журмын хүрээнд бус хуулийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. Энэ ажлыг хийхэд тодорхой хугацаа шаардана.
Ямартай ч төрийн автомашины салан задгай байдлыг засаж, автомашин унах ДОН шүгэлсэн байдлыг болиулж, бусадтай адил нийтийн тээврээр явж, зайлшгүй шаардлагатай тохиолдолд захиалгын тээврийн хэрэгсэл ашигладаг соёлыг нэвтрүүлнэ.
- Автомашинуудыг татан төвлөрүүлэх ажил хэзээ дуусахаар байна вэ?
-Татан төвлөрүүлэх ажил үндсэндээ наадмын өмнө дуусна гэж тооцоолж байгаа. Үүнээс өмнө асуудлыг шийдэж болно гэж харж байна. Учир нь татах машины тоо болон хэрэглэж байсан албан тушаалтан нь тодорхой учир шаардлагатай гэвэл татаад авчихна шүү дээ.
-Цаашид төр автомашин худалдаж авахгүй. Ийм бодлого баримтална гэж ойлгож болох уу?
-Ер нь төр автомашин худалдаж авахгүй гэдэг зарчим руу явж байна. Өөрөөр хэлбэл хуулийн агуулга нь өөрөө ийм юм.
- Ярилцсанд баярлалаа.