Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн асуудлаар АН-ын төлөөлөлтэй уулзжээ. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талын АН-ынхантай уулзсан байна. Уулзалтад АН-ын дарга Х.Баттулга болон Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүд, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн болон Ардчилсан намын Нийслэлийн 9 дүүргийн намын дарга нар оролцож, “Улс төрийн намын тухай” шинэчлэгдсэн хуулийн төслийн үзэл баримтлал болон бусад асуудлаар мэдээлэл өгч, санал солилцсон аж.
“Улс төрийн намын тухай” хууль нь тогтолцооны шинж чанар бүхий тулгуур хууль учир сөрөг хүчний хувьд Ардчилсан намын зүгээс нэгдсэн байдлаар өөрсдийн саналыг тус хуульд нэгтгэн хүргүүлэхээр уулзалтаар шийдвэрлэжээ.
Мөн тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Ардчилсан намын гишүүдийн асуултад хариулж, санал солилцсон байна.