ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ удаа Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал тусгаарлах байранд ажиглалтад буй хүмүүс болон эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өглөө
Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1451 иргэн байгаа аж. Энэ нь өссөн дүнгээр нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийтдээ 5143 иргэн тусгаарлагдан, ажиглалтад байсан бол одоогоор тусгаарлагдаж буй хүмүүсийн хувьд:
- Тав хүртэлх насны хүүхэд- 37
- Жирэмсэн эмэгтэй- 28
- Артерийн даралт ихсэх эмгэгтэй хүн- 63
- Зүрх судасны эмгэг өөрчлөлттэй хүн- 12
- Hоол боловсруулах замын эмгэгтэй хүн- 9
- Хорт хавдрын улмаас эмчлэгдэж буй- 17 иргэн тус тус байгаагаас 2 хүн эрчим эмчилгээнд байгаа аж. Мөн тэднээс Ковид-19-ийн шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.
Эдгээр иргэдэд Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн эмч нар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Харин гэрийн ажиглалтад байгаа иргэдэд сумын эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төв нэгдсэн эмнэлгүүд ажиглалт тавьж байгаа аж.
Нийслэл хотод гэрээр хяналтад байгаа 1897 иргэн байгаа бол өчигдөр тэдгээрээс 721 иргэний хяналтын хугацаа дуусч, орон нутагтаа шилжих, эсвэл орон нутгаас шилжиж ирж байна.
Харин төмөр замын орон нутгийн галт тэргэнд нийтдээ 3149 иргэнд төмөр замын эмнэлгийн эмч нар хяналт хийсэн байна.
Ор, эмнэлгийн хэрэгсэл
Ковид-19-ийн халдвар авсан иргэдийн эмчилгээнд вирусний эсрэг эмчилгээ, өргөн үйлчилгээтэй антибиотик хэрэглэхийн хамт дархлаа сайжруулах, хордлого тайлах, шинж тэмдгийн эмчилгээнүүдийг хийж байгаа аж.
Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал:
"Монгол Улсад халдвар тархах эрсдэл, халдвар авсан хүмүүс хүндрэх эрсдэл зэргийг тооцоолж, эмнэлгийн ор нээх төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар ор дэлгэж байна. Одоогоор улсын хэмжээнд эмнэлгийн 18,669 ор байна. Түүнчлэн эмнэлэг бүрт тусгаарлан ажиглах өрөө гэж бий. Эдгээрийг коронавирусний халдварын тохиолдлыг эмчлэх, хянаж ажиглах зориулалтаар бэлтгэгдсэн. Нийтдээ 2,915 ор бэлэн байдалд байна.
Үүнээс гадна 5,800 орыг шат дараатайгаар чөлөөлөхөөр бэлдлээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Асралт мед эмнэлгийн орыг одоогоор ашиглаж байгаа бол цаашид Улсын I, II, III төв эмнэлэг, АШУҮИС-ийн шинэ эмнэлгийн ор, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн орыг хэрхэн ашиглах талаар тооцооллыг бүрэн хийсэн.
Мөн Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орох гэж байгаа 300 ортой эмнэлгийг ашиглах бэлтгэл ажлыг хангаж байна. Үүнд 880 өрөө бэлэн байна гэсэн үг. Түүнчлэн эдгээрт ажиллах хүний нөөцийг бэлдэж, хангалт хийж байна.
Үүнээс гадна амьсгалын аппаратны хэдэн хувийг коронавирусний халдварын үед ашиглахаа тооцоолсон. Амьсгалын 425 аппарат бэлэн байгаа. Нэмж 72 аппарат авсан. Мөн 415 аппарат шинээр авахад бэлэн байна. Түүнчлэн ЭКМО аппарат болон эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийн захиалгыг хийсэн" хэмээн танилцууллаа.