ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу болон эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлын талаар мэдээлсэн юм. Тэрээр:
Өчигдөр ХӨСҮТ-ийн 2 лабораторид ийт 83 шинжилгээ хийлээ. Ковид-19 илрээгүй. Үүнд өчигдөр буюу 4-р сарын 17-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 иргэний, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 иргэний, ажиглах байранд тусгаарлагдсан 62 хүний давтан шинжилгээний хариунууд багтсан болно. Мөн тандалтын зорилгоор авсан 13 сорьц, Замын-үүдээс татсан 5 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 244 хүн тандалт, хяналт, лаброторийн шинжилгээнд байна. Замын-үүдээр орж ирсэн 58 хүний шинжилгээний хариу маргааш гарна.
"ХӨСҮТ-д эмчлүүлж буй өвчтөнүүдийн биеийн байдлын хувьд дунд зэргийн тогтвортой байна. Эмчилгээ оновчтой байна гэж бид дүгнэж байгаа. Тэдгээрээс Франц иргэний хувьд зөвхөн 1 сорьцод нь коронавирус илэрч байгаа. Бид 5 сорьц авдаг. Хамар залгиур, цэр, өтгөн, шингэн, цуснаас авдаг. Тэдгээрийн зөвхөн нэгэнд эерэг буюу вирустай гэх хариу гарч, бусад 4т нь илрэхгүй байгаа сайн мэдээ байна. Цаашдаа тэрхүү ганц сорьцод вирус илрэхээ больно гэдэгт найдаж байна" гэлээ.
Одоогоор ХӨСҮТ-д уушгины хатгаатай 5 иргэн байгаа аж. Тэдгээр тусгаарлагдаж буй болон эмчлэгдэж буй иргэдэд вирус илрүүлэх шинжилгээг өдөр бүр хийж байгаа юм байна. Учир нь ингэснээр аль сорьцод вирус илэрч, алинд нь илрэхгүй байна гэдгийг мэдэж, цаашдаа ямар эмчилгээ хийхээ шийддэг гэлээ.